Дундговьд 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийг энэ онд барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 18:57:39

Дундговь/МОНЦАМЭ/ Сайнцагаан сумын 1- р цэцэрлэгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, дотор нь үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газар нэг бус удаа гаргаад байгаа юм. Тиймээс барилгыг буулгаж, оронд нь цэцэрлэгийн шинэ барилга барих тухай хүсэлтийг БСШУС- ын дэд сайд Ё. Отгонбаярыг Мандалговь хотод ажиллах үеэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хандуулсан юм.

Тус цэцэрлэгийн барилга 1958 онд ашиглалтад орсон, аймгийн төвийн анхны барилгуудын нэг. Ашиглалтын хугацаа дуусаад 18 жил өнгөрсөн. Мод нь үжирч муудсанаас өнгөрсөн намар 2 давхарын ариун цэврийн өрөөний шал доош цөмөрч, нэг давхарын таазнаас нуралт үүссэн байна. Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаа явуулахыг зогсоосон боловч 140 гаруй хүүхэд цэцэрлэггүй болсон тул орон нутгаас 9 сая төгрөг зарцуулан таазыг бэхлэн засварлаж, энэ хичээлийн жилийг дуусгахаар түр ийнхүү ажиллаж байгаа гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч М.Борхүүхэн дэд сайдад танилцуулсан юм.

Дэд сайд Ё. Отгонбаяр хэлэхдээ, “Одоогоор манай улсад цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 63 мянган хүүхэд байна. Тиймээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах нь Засгийн газрын зорилго болж байгаа. Төсөв мөнгөгүй гээд яам гар хумхиж суугаагүй. Гадаадын хөрөнгө оруулалт эрэлхийлж, үүний үндсэн дээр аймгуудад 1- 2 шинэ цэцэрлэг барихаар болсон. Дундговь аймгийн хувьд 100 хүүхдийн нэг цэцэрлэг барина” гэлээ. Харин цэцэрлэгийг аль суманд барих талаар эцсийн шийдвэрийг эргэж мэдэгдэнэ гэв.

Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгээс гадна Говь- Угтаал сумын сургуулийн дотуур байр, Сайнцагаан сумын 3, 4-р сургуулийн хичээлийн байр зэрэг Дундговь аймгийн боловсролын салбарт шинээр барих шаардлагатай хэд хэдэн барилга байгааг мөн дэд сайдад танилцуулсан юм.

Боловсролын салбарт шаардлагатай шинэ барилгуудыг ээлж дараатай шийднэ. Гэхдээ энэ онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан шинэ барилга барихыг урьтал болголгүй, урьд барьж эхэлсэн барилгуудаа дуусгана гэсэн шийдвэртэйгээр төсөв батлагдсан. Дундговь аймгийн хувьд 2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг боловсролын салбарт баригдаж байгаа барилгуудыг дуусгахад зориулж төсөвлөсөн гэдгийг дэд сайд Ё. Отгонбаяр хэлээд “Эхний ээлжинд 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиуддаа анхаарал хандуулж, мөн цэцэрлэгийн хүрэлцээг ахиулна. Дараагийн удаад газар хөдлөлтөд тэсвэргүй болоод байгаа барилгуудаа шинэчлэх нь зүйтэй гэдэг байр суурийг яам барьж байгаа” гэв.

Т. Отгонтуяа 

相关新闻