“Дакар Ралли Монголиа” сан байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-11 11:48:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах зорилгоор  авто спорт сонирхогч  залуус “Дакар Ралли Монголиа” санг байгуулсан байна.

Энэхүү сан  авто спортын олимп хэмээдэг  Дакар Раллигийн тасарсан буухиаг  үргэлжлүүлэх,  тус тэмцээнд оролцох баг тамирчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор ард түмэн, авто спорт сонирхогчдын дунд хандивын аян өрнүүлэх юм. 

Авто спортын олимп гэгдэх Дакар Ралли нь 1979 оноос өдийг хүртэл жил бүр зохион байгуулж, дэлхийн олон улсын авто спортын тамирчдын чансаа, эр зориг, авхаалж самбааг сорьдог гайхалтай уралдаан.

Манай улсаас энэ тэмцээнд удаа дараа оролцож, хамгийн сүүлд 2015 онд ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Ч.Анар мото ангилалд, жийп ангилалд ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн чансаагаа сорьсноос хойш манай тамирчид дахин оролцоогүй юм. Тамирчдын буухиа тасарсан нь эдийн засгийн хямрал, санхүүгийн бэрхшээлтэй холбоотой юм.

Тухайлбал, Дакар Раллид оролцож байгаа манай  тамирчдад дэмжих баг, техникийн туслалцаа дутмаг нь санхүүжилттэй холбоотой гэдгийг тамирчид онцолдог.  Энэ уралдаанд оролцоход нэг тамирчин 100 гаруй сая төгрөгийн зардал гаргах шаардлагатай байдаг.

Дашрамд сонирхуулахад, Дакар Ралли бол тив дамнасан ралли уралдаан юм. 1979 оноос 2009 он хүртэл Сенегалийн нийслэл Дакараас гараагаа эхэлж, 9000 гаруй км замыг туулан эргээд Дакарт барианд ордог. Харин 2009 оноос хойш Өмнөд Америк тивийн нутаг дэвсгэрт уралдах болсон. Авто спортын мэргэжлийн болон сонирхогчид оролцдог дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан юм. Монгол Улсын тамирчид 2015 онд мотоциклийн ангилалд ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Ч.Анар нар  оролцож, тус уралдаанд оролцогчдын мөрөөдөл болсон "Finish" медалийн эзэд болсон түүхтэй.

Мөн "Дакар ралли-2015"-д монголчууд анх удаа автомашинаар уралдсан. Монгол Улсын алтан соёмбот далбаа, монгол бичгээрээ гоёсон 431 дугаартай автомашин 13 өдрийн турш 9000 км замд ажралгүй уралдаж, хүнд шалгуурыг даван тамирчин ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар амжилттай бариалсан юм. “Дакар Ралли 2015” автомашины төрөлд 143 машин гараанаас гарсан ч 67 машин 13 өдрийн уралдаанаа дуусгаж,  манай тамирчид амжилтаараа 62 дугаар байрт бичигджээ.

Ийнхүү Монголын  тамирчид хоёр жилийн өмнө автомашин, мотоциклийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн амжилтыг дахин давтах, эх орныхоо нэрийг дэлхийд гайхуулах шинэ тамирчдыг бэлтгэн гаргах, тэдэнд нэр хүндтэй тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дакар Ралли Монголиа” сан нээгдэн, ард түмэн, авто спорт сонирхогчдод хандан хандивын аян өрнүүлэхээр болжээ.

“Дакар Ралли Монголиа” сангийн хамт олонтой холбогдох, тэдэнтэй нэгдэхийг хүсвэл Фэйсбүүк олон нийтийн сүлжээн дэх  DAKAR RALLY MONGOLIA албан ёсны хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой.

Д.Өлзий

相关新闻