"Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийг энэ сараас эхлэн хэрэгжүүж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Өмнөговьчуудыг элэгний В, С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Бид хамтдаа” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Түүний нэг болох элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, элэгний өвчлөлөөс үүдсэн нас баралтыг бууруулах зорилгоор анх удаа "Элэг бүтэн Өмнөговьчууд" хөтөлбөрийг 15 сумын хэмжээнд өчигдрөөс албан ёсоор эхлүүлж элэгний В, С вирусны шинжилгээнд иргэдийг хамруулах ажлыг эхлээд байна.
“Элэг бүтэн Өмнөговьчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хэд хэдэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж. Үүнд 18-аас дээш насны иргэдийг В, С вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд энэ онд 40 ба түүнээс дээш насны иргэдийг хамруулна. Мөн ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг түгээн дэлгэрүүлж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажээ.
Хөтөлбөр хэрэгжих 4 жилийн хугацаанд элэгний өвчлөл түүнээс үүдсэн нас баралтыг бууруулж, элэг бүтэн Өмнөговьчууд болох зорилт тавиад байна.
Д.Мишигсүрэн