С.Түмэнбаяр: Сайн туршлагыг нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяртай ярилцлаа.Тэрээр Сайншанд сумын IV баг Төмөр замын хэсгээс ИТХ-д дөрвөн удаа сонгогдсон төлөөлөгч. 2016 оны сонгуулийн үр дүнгээр Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.
-Аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн ажлаас тоймлох уу?
-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны нэгдүгээр сарын14-ний тогтоолоор 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан. ИТХ-ын Ажлын албаны шуурхай байдлыг хангах, тодорхой чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах, иргэдийн оролцоог хангахаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах, ИТХ болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг иргэдэд сурталчлах гээд олон ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.
ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран Иргэний танхимд УИХ-аар баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэчилсэн хуулийн үзэл санаа, хэрэгжилтийн талаар олон нийтэд сурталчиллаа. Хамгийн сүүлд эрчим хүчний үнэ, тарифтай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ИТХ-ын Ажлын албанаас орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, сар бүр тэдний санаа бодлыг сонсож ажиллаж байна. Хэлэлцүүлэг, сургалт гээд төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу явж байна.
-Аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай сая танилцлаа. Шийдэх ямар асуудлууд байна ?
-Аймгийн мал аж ахуй, газар тариалан гээд хөдөө аж ахуй чиглэлийн бүхий л асуудлыг энэ байгууллага хариуцдаг. Боловсон хүчний нөөц,тэдний тогтвор шуурьшилтай ажиллаж буй байдал, албан хаагчдын ажилдаа хандах хандлага, хариуцлага ямар байгааг, мөн малын өвчин гарч байгаад хэрхэн яаж шуурхай арга хэмжээ авч ажилладаг, мал эрүүлжүүлэх талаар ямар ажил хийж байгаа зэрэг олон асуудлаар ярилцлаа. Албаны хүмүүсээс тодруулга, мэдээлэл авлаа.
ХХААГ нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний, мал аж ахуйн, мал эмнэлгийн, лабораторийн салбарт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Дорноговь аймагт 2011 онд Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро паркын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Аймгийн мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийдэг лабаротарийн нөхцөл байдал, техник технологийн шинэчлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг олон шийдвэрлэх асуудал байна.Энэ бүгдийг анхаарч үзэх, эргэж харах, шаардлагатай тохиолдолд аймгийн ИТХ-аар хэлэлцэх гээд асуудал гарах байх. Хэрэгжүүлэх боломжтой ажлыг орон нутаг шийдвэрлэх, боломжгүй асуудлыг шат шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх нь зохимжтой.
-Хэдхэн хоногийн өмнө аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан. Ямар асуудлыг шийдвэрлэв?
-Аймгийн хэмжээнд бүтээн байгуулж байгаа төсөл арга хэмжээний ажлын явц, зарлагдсан тендерүүдийн гүйцэтгэл, явцтай танилцсан. Мөн сумдын хилийн цэсийг мэргэжлийн байгууллага тогтоосон байдлыг авч хэлэлцсэн.Энэ асуудлыг өмнө нь ИТХ-аар хэлэлцээд Ажлын хэсэг байгуулж дахин нягталж шалгах шаардлагатай гээд буцааж байсан.
Аймгийн хэмжээнд 433 цэг байгаагийн 83 нь хилийн маргаантай байна. Жишээ нь зарим малчин “Энэ худаг манайх” гээд байдаг гэтэл зэргэлдээх сумын малчин “Үгүй ээ манайх” гэдэг.
Харин үүнийг олон жилийн өмнө овоо, уулын цэгийн нэрээр нэрлэчихсэн байх жишээтэй. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаанд суурилсан техник технологийн тусламжтайгаар сумдын хилийг нарийвчилсан кординатаар хэмжээд гаргаад ирэхлээр энэ нь тухайн газар усныхаа нэр байршлаас зөрдөг тохиолдол гарч байна.
Энэ удаа аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулах, баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн ажлын тайланг сумдын ИТХ-аар хэлэлцэж хүлээн шөвшөөрсөн цэгүүдийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, хүлээн зөвшөөрөх боломжгүй цэгүүдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсан.
Мөн хүлээн зөвшөөрч буй цэгүүдийн жагсаалтыг Улсын Их хурлын "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийн зургийг батлах тухай" тогтоолын төсөлд тусгуулахаар хүргүүллээ. Сайншанд сумын урд байрлах Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө акталж данснаас хасах, Сайншанд, Замын-Үүд зэрэг суманд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулах, зарим хүнийг төрийн дээд шагналд тодорхойлох зэрэг 10-аад асуудал хэлэлцлээ.
-Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна?
-2016 оны есдүгээр сард аймгийн ИТХ-аар аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, барилга зэрэг өргөн хүрээний салбарт тодорхой ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хавар л гэхэд хямд үнэтэй орон сууц барих ажлыг үргэлжлүүлж байна.
-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажилтай танилцаж туршлага судалсан гэсэн. Орон нутагт нэвтрүүлэх сайн туршлага байна уу?
Орон нутагт нэвтрүүлж болох ажил цөөнгүй байгааг анзаарсан. Жишээ нь 800 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эргүүл ажиллаж байх. Тэдгээр хүмүүс нь тухайн харьяалах хороондоо аж төрдөг төдийгүй 20-30 мянган төгрөгөөр цалинждаг. Бүх хорооны багийн Иргэний нийтийн хурлын дарга нар хуулийн дагуу багийн Засаг даргын цалингийн 30 хувьтай тэнцэх цалин авдаг.
Тэгвэл тус дүүрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөсөө ИНХ-ын дарга нарын цалингийн 40 хувийг шийдвэрлэж бүх хороодын Иргэний танхимын хажууд байнгын цалинтай ажиллуулж байна.
Хороо бүрт Иргэний танхимын ажилтан байхаас гадна үүрэн холбооны дөрвөн операторын утас ажиллуулж “Та дохь, би залгая” гэсэн уриа дэвшүүлж, нийтийн 800 гаруй эргүүлээс мэдээлэл авч байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын ажил болон бусад албан хаагчдын үйл ажиллагаанд ихээхэн тус дэм үзүүлдэг байна.
Тэр бүү хэл хяналтын цэг байрлуулжээ. Хилийн цэргийн вишк шиг өндөр цэг дээр дуран, камер суурилуулж орчныг хянаж байх жишээтэй. Багцаагаар 1000 гаруй хүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн оролцоог маш сайн хангасан байна.Энэ туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх шаардлага бий.
Бид 12 олон нийтийн цагдаатай байсныг 23 болгож батлахад л төсвийн асуудал хүндэрч байна. Төсөв хөрөнгө хязгаартай байгаа ч боломжоо дайчилж ажиллаж байна.
-Цаашид хэрэгжүүлэх ажлын талаар?
-Мэдээж төлөвлөсөн ажлууд хуваарийн дагуу үргэлжилнэ. Хамгийн ойрын ажил гэвэл энэ сарын 26-нд Сайншанд хотын "Соёмбо" цогцолборын Иргэний танхимд аймгийн ЗДТГ-аас боловсруулж буй дэд хөтөлбөрүүдийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Шинээр сургууль төгссөн залуучуудыг орон нутагт ажиллуулахтай холбоотой гарсан зардлыг ажил олгогчид бүрэн болон хэсэгчлэн нөхөн төлөх, ажил олгогчийн бий болгосон ажлын байранд тухайн иргэнийг тогтвортой ажиллахыг урамшуулах санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Орлоготой залуу” орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрт санал авна.
Дараагийнх нь ажлын байрыг хадгалж, шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжих замаар ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Ажлын байр” хөтөлбөр бий.Сүүлийнх нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, коллеж, их дээд сургуульд суралцагчдыг хичээлээс нь хөндийрүүлэхгүйгээр ажил, хөдөлмөр хийж туршлагатай болох, орлого олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутны ажлын байр” хөтөлбөр, Эдгээр хөтөлбөрт санал авах зорилгоор иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Х.Эрдэнэбулган