“Хотын гудамж” аян зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорновь /МОНЦАМЭ/. Дорновь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас 2017 оныг “Иргэдээ дэмжих жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр захирамж гаргаж “Хотын гудамж” аяныг энэ сарын 24-нөөс тавдугаар сарын 31-нийг дуустал сумын хэмжээнд зарлалаа.
Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх, шинэ санаачилга гаргах, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зорилгоор дээрх аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хотын төвийн гудамж, барилга байшингийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, байгууллагын хаяг рекламыг стандартын дагуу шинэчлэх, гаднах талбайдаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган зорчигчдын урсгал хөдөлгөөнд тааруулсан зам, авто зогсоол барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг томоохон ажлыг зохион байгуулах аж.
Аянд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд оролцох бөгөөд идэвхтэй оролцсон аж ахуй нэгжийг шалгаруулж 200-500 мянган төгрөгөөр шагнана.
Х.Эрдэнэбулган