Монголын хамгийн хүйтэн цэгт суугаа иргэд эрүүл мэндийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-03 11:34:53
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын Рашаант багт эрүүл мэндийн төв байгуулагджээ.
Энэхүү эрүүл мэндийн төвийг Тайваний Монголд суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгээр “Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг”-ээс санаачлан төв суурин газраас алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор нээжээ.
Төвийн нээлтийн ёслолд Монгол Улсад суугаа Тайванийн Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун болон УИХ-ын гишүүн Я.Санжмятав холбогдох албаныхан иргэд оролцлоо. Мөн Тайванийн засгийн газраас тус эрүүл мэндийн төвд шаардагдах хэвтэн эмчлүүлэгчийн ор,  цусны даралт хэмжих аппарат, иргэдэд үйлчлэхэд шаардагдах бага оврын унаа (мопед), эмнэлгийн анхан шатны үйлчилгээний багаж хэрэгсэл, эм бэлдмэл зэрэгт шаардагдах зохих санхүүжилтийг үзүүлсэн байна. Энэхүү эрүүл мэндийн төв жил бүр 550 гаруй нутгийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой ажээ. Түүнчлэн  тухайн бүс нутгийн иргэдийн амьсгалын замын өвчин болон бөөрний өвчлөл, цусны даралт, чихрийн шижин, хавдар зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой ажээ.
Тус эрүүл мэндийн төв Монголын хамгийн хүйтэн цэг болох аймгийн төвөөс 200 км-ийн алс орших Тосонцэнгэл сумын алслагдсан багт байгуулагдсан нь нүдээ олсоныг иргэд сайшааж байна. Учир нь Тосонцэнгэл сум өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг. Алслагдсан багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад цаг алддаг, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд амьдардаг байжээ. Харин эрүүл мэндийн төв байгуулагдсанаар Рашаант багийн 20-45км зайд амьдарч буй нутгийн иргэдэд бэртэл гэмтэл, түлэгдэлт, цусны даралт, жирэмсэн эмэгтэйчүүдийн төрөхийн өмнөх төрсний дараах үзлэг, нярайн хяналт үзлэг, нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний өмнөх үзлэг оношлогоо эмчилгээг цаг алдалгүй хүргэх боломжийг ийн бүрдүүлжээ.
Б.Мягмарсүрэн
相关新闻