Түүх, соёлын үл хөдлөх бүх дурсгал тусгай хамгаалалттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-03 14:24:27
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ Дундговь аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт хадгалагдаж байгаа түүх соёлын үл хөдлөх 290 дурсгалыг тухайн сумын тусгай хамгаалалтад авахуулах тухай шийдвэр гаргасан юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар “Мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг нийслэлийн ИТХ сум, дүүргийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталж, хилийн зааг хамгаалалтын дэглэмийг тогтоон хяналт тавина” гэж заасны дагуу энэхүү шийдвэрийг гаргажээ.
2015 онд явуулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 313 дурсгал бүртгэгдсэн. Тэдгээрийг нэг бүрчлэн картжуулж Соёлын өвийн төв болон аймгийн музейн мэдээллийн санд бүрэн бүртгэж оруулсан бөгөөд үүний 7 нь улсын, 16 нь аймгийн тусгай хамгаалалтад байдаг. Үлдсэн 290 дурсгалыг сумын тусгай хамгаалалтад ийнхүү авснаар Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь түүх, соёлын бүх дурсгал тусгай хамгаалалттай болж байгаа юм.
Ингэснээр юун түрүүнд түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт сайжирна. Үүнээс гадна орон нутгийн хамгаалалтад байгаа түүх соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах шийдвэр гаргах, мөн газрын хэвлийг ашиглах уул уурхайн эрхэмжтэй талбайд соёлын биет өвийн тандалт хийлгэж, илэрсэн тохиолдолд  тухайн газрыг ашиглах эрхийг хориглон, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно. Түүнчлэн түүх, соёлын дурсгалыг судалгаа шинжилгээнд оруулах эх суурь тавигдана гэж үзэж байгаа ажээ.
Тухайн  сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэд үүрэг болгосон байна.
Хамгаалалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг иргэдэд гэрээгээр хариуцуулах замаар хадгалалт хамгаалалтыг сайжруулж, дор бүрнээ анхаарал хандуулж ажиллан, энэ тухай тайланг  жил бүрийн 11 дүгээр сарын 10- ны дотор аймгийн  ЗДТГ- т ирүүлж байх үүргийг сумын Засаг дарга нар хүлээлээ.  
 
Т. Отгонтуяа  
相关新闻