“Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийн нээлт маргааш Мандалговьд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-04 13:57:54
Дундговь/МОНЦАМЭ/ Улс орон даяар хэрэгжиж эхлэх гэж буй “Элэг бүтэн монгол хүн” хөтөлбөрийн нээлт маргааш Мандалговь хотын төв талбайд болно. Энэ хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ ахалж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ЭМГ- ын дарга Ц. Энхсайхан ажиллах юм.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ онд 40- 65, ирэх онд 15- 39 насны иргэдэд хепатитийн В, С вирусын илрүүлэг, оношлогоо хийх бөгөөд Дундговь аймгийн хувьд 40- 65 настай 13 мянга гаруй иргэн өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэлтэй байна.
Тус аймгийн хүн амын дундахь элэгний өвчлөлөөр улсын хэмжээнд хоёрдугаар бичигддэг, нас баралтын гол шалтгаан болсоор байдаг. Тиймээс өнгөрсөн онд аймгийн ЭМГ 25- аас дээш настай иргэдээ сайн дурын нь үндсэн дээр хепатитийн В, С вирусын илрүүлэг, оношлогоонд хамруулсан. 2 сарын  аяныг ч өрнүүлж байсан юм. Энэ хугацаанд нийт 6 мянга гаруй иргэн илрүүлэг оношлогоо хийлгэсэн бөгөөд одоо үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжиж элэгний өвчний оношлогоо эмчилгээнд төр анхаарал хандуулж байгаад иргэд олзуурхаж байна.
 
Т. Отгонтуяа 
 
 
相关新闻