Албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-09 21:37:28
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж албан байгууллагынхаа ажилтнуудыг элэгний  В.С вирус болон сахарын шинжилгээнд хамруулж байна.
Энэ ажлыг аймгийн  ЭМГ болон Сайншанд сумын “Агатова” Өрхийн эрүүл мэндийн  төвтэй хамтран зохион байгуулж буй. Үзлэг шинжилгээг  хэрхэн зохион байгуулж буй талаар ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Б.Энхзулаас тодруулахад, “Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан. Дээрх хөтөлбөрийг орон нутагт хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна  “Элэг бүтэн Дорноговь” хөтөлбөрийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.  Өнөөдөр Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж албан хаагчидаа  үзлэг шинжилгээнд хамруулж буй. Бид В, С вирусын үүсэх шалтгааныг тайлбарлахаас гадна, халдвараас урьдчилан  сэргийлэх, үзлэг шинжилгээнд байнга хамрагдах талаар алба хаагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө. Нийт  90 орчим хүнийг үзлэгт хамруулна” гэв.
Албаны  хүний хэлснээр хэрэв В.С вирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  аймгийн  Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгч Улаанбаатар руу явуулж баталгаажуулах юм байна. Иргэд хуулийн дагуу  дээрх вирусын эсрэг уух эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байгаа аж. Дорноговь аймгийн хэмжээнд В,С вирусын хяналтад орсон 1200 орчим хүн буйгаас  120 гаруй хүн эмчилгээнд хамрагдсан байна.
Х.Эрдэнэбулган
相关新闻