Эх орондоо хэрэгтэй иргэн байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-11 22:20:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр Сайншанд сумын ерөнхий боловсролын I, II, III, V сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, харилцан ярилцлаа. 

Ахлах ангийн сурагчдын санаа бодлыг сонсох, харилцан яриа өрнүүлэх, хотыг хөгжүүлэх чиглэлээр  хийж байгаа  ажил үйлчилгээний  мэдээллийг өгөх зорилгоор “Саранхөхөө” театрт зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ” уулзалтад 500 орчим хүүхэд, багш нарын хамт оролцов.

Уулзалтын эхэнд хотын дарга С.Одбаяр өөрийн мөрийн хөтөлбөр болон Сайншанд сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлаас танилцуулсан. Сайншанд сумаас энэ оныг “Иргэдээ дэмжих жил” болгон зарлаж олон бүтээлч ажлыг өрнүүлж буй.

Нутгийн зөвлөлийн санхүүжилтээр гуравдугаар багт “Мандах наран- 2” хорооллын 260 айлын орон сууцны барилга, БНХАУ-ын  ӨМӨЗО-ны Дархан муумянган  хошууны 570.0 сая хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, Бугат хотын хөрөнгө оруулалтаар 4D кинотеатр,Эрээн хотын санхүүжилтээр “Алтанговь” худалдааны төвийн урд талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Мөн “Тэгш гудамж” “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулъя” зэрэг аяныг сумын хэмжээнд зарлаж  ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч дээрх аянд нэгдэж хотоо цэвэр, цэмцгэр, тохилог болгохын төлөө санаачилга гаргаж хамтран ажиллахыг санал болгосон.  

Хотын даргын хувьд тэрээр дунд сургуулиа төгсөх гэж байгаа хүүхдүүдэд хандан эх оронч үзэлтэй байх,  эх орондоо хэрэгтэй иргэн болох, хөдөлмөрч, бүтээлч байх, мэргэжлээ зөв сонгохыг уриалав. Хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийн тоонд нарийн мэргэжлийн инженер, өндөр ур чадвартай захирал, математик, физик, дуу хөгжим, бага анги, цэцэрлэгийн багш, эмч, сувилагч, уул уурхайн инженер, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин,  барилгын архитектурын мэргэжил багтжээ.

Тиймээс хүүхдүүдийг заавал их дээд сургууль гэхгүйгээр өөрт хэрэгтэй, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжлийг сонгож улс эх орныхоо болон төрөлх нутгийнхаа хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулж идэвхтэй, хөдөлмөрч иргэд болон төлөвшихийг захив. Уулзалтын үеэр “Гоо зүйн боловсролын хүрээлэн”-гийн лектор М.Мөнхжаргал “Мөрөөдөл” сэдвээр, “Итгэл сэтгэл” ТББ-ын тэргүүн Ц.Ундрах “Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар” сэдвээр сурагчдад лекц уншсан юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻