Гэр бүлийн өдрөөр шинэ үйлчилгээ нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны тавдугаар сарын 15-нд олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүлийн өдрийг тохиолдуулж Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвөөс түүх, архелоги, соёл, зан заншлыг харуулсан хосгүй үнэт үзмэрүүдээ олон нийтэд сурталчлах зорилгоор шинэ үйлчилгээ нэвтрүүллээ.
Музейн ажилтнууд үйлчлүүлэгчдэд зориулж 3000 төгрөгийн багц билетийг санал болгож буй бөгөөд гэр бүлийн гишүүдийн зургийг үнэгүй авч, алганых нь хээг тусгайлан бэлдсэн дардасаар тамгалж буцаагаад дурсгаж байгаа аж. Хамгийн гол нь гэр бүлээрээ хэдэн ч хүн ирсэн хамаагүй 3000 төгрөгийн билет худалдан авч үйлчлүүлж болох аж. Харин энгийн үед музейн үзмэр үзэхэд том хүн 1500, гадаадын иргэн 2000, хүүхэд 500 төгрөгөөр билет худалдан авдаг байна.
Дорноговь аймгийн Орон нутгийг судлах музей нь олон жилийн түүхэн баялаг үзмэртэй бөгөөд энэ онд XIII-XIV зууны үеийн болон угсаатны зүйн танхимаа ховор үзмэрээр шинэчилжээ. Дашрамд дурдахад тус музейд эзэн бод Чингэс хааны үеэс уламжилж ирсэн төрийн есөн хөхөлт цагаан тугны дагуул цагаан сүлдний нэг эх хувиараа хадгалагддаг.
Х.Эрдэнэбулган