Сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлалт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 16:47:01
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хүн амын 27271 нь 18-35 насны залуучууд байна. Өнгөрсөн онд 406 хос гэрлэлтээ батлуулж, 64 хос гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оныхоос 8.5 хувиар өсжээ.

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Төв аймгийн 27 сумын шилдэг 70 гэр бүлд  “Залуу гэр бүлийн анхдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгуулав.

Залуу гэр бүлд бат бөх, тогтвортой харилцааг төлөвшүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох, дэмжиж урамшуулах болон өрх бүрийг угийн бичиг хөтөлж сурахад олон нийтийн санаачлагыг өрнүүлэхэд зөвлөлгөөний зорилго оршиж байгаа гэдгийг Төв аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг хэлж байв.

Тэрээр цааш нь хэлэхдээ: Гэр бүл нийгмийн анхдагч орчин бөгөөд хамгийн жижиг нэгж нь байдаг. Тиймээс залуу гэр бүлүүд  гэр бүлийн үнэ цэнийг хадгалж явах чухал болохыг залуучуудад хандан зөвлөсөн юм.

Гэр бүлүүд бат бэх харилцааг бэхжүүлж, түүхэн өв уламжлал, ёс заншлаа дээдлэх, амар тайван байдлыг эрхэмлэсэн, зөв хандлагатай гэр бүлүүдийг төлөвшүүлэх нь төрийн үүрэг хэдийн ч, залуучуудын оролцоо бас чухал гэдгийг албаныхан тодотгож байв.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻