Зээлийн үнээс 20 хувь хямд хүлэмж үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймаг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний ногооны үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтын хүрээнд "Зуунмод" хүлэмжийн үйлдвэр байгуулан иргэдэд хямд үнээр нийлүүлж байна.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Төв аймаг 2020 он гэхэд хүнсний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж 1600 га талбайд хүргэнэ. Энэ хүрээнд “ЖИ-ДУ 27” төслийг аймгийн ХХААГазар хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 80 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр Зуунмод суманд хүлэмж угсрах “Ган үжин” хүлэмжийн үйлдвэр байгуулаад байна. Үйлдвэр долоон төрлийн хэмжээтэй хүлэмж үйлдвэрлэж байгаа бөгөөд дундаж үнэ 750 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн үйлдвэрлэгдэж байгаа хүлэмжүүд зах зээлийн үнээс 20 хувиар доогуур иргэдэд нийлүүлэгдэж байгаа аж. Эхний ээлжинд 27 сумаас 282 хүлэмжийн захиалга ирүүлснээс эхний 100 хүлэмжийг үйлдвэрлэн Мөнгөнморьт суманд 10-ыг нийлүүлжээ.
Иргэд үйлдвэрээс гарч байгаа хүлэмжийг бэлэн мөнгөөр авах хүндрэлтэй байгаа гэдгийг учирлаж байлаа. Тэгвэл “Сум хөгжүүлэх сан”-гаас жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлттэй зээл авах боломжтой талаар Төв аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн О.Цэвэгцэрэн онцлов.
Өнгөрсөн жил Төв аймагт 800 га талбайд хүнсний ногоо тариалсан бол энэ жил 900 га талбайд хүнсний ногоо тариалжээ.
Т.Есүхэйтөмөр