Эмч цүнхэндээ оношлогооны багаж, шинжилгээний лабораторитойгоо хот айлын гадаа буудаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-07 17:33:06
Архангай /МОНЦАМЭ/.Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, БНСУ-ын Олон улсын эрүүл мэндийн сан байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран энэ онд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг улсын хэмжээнд 7 аймаг 2 дүүргийн тус бүр нэг сум өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Энэ төсөлд Архангай аймгаас Жаргалант сум сонгогдсон юм.

Төслийг Жаргалант суманд эхлүүлсэн бөгөөд аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа “Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа хамгийн ойрын эмнэлгийн эмч цүнхэндээ оношлогооны багажуудаа, халаасандаа шинжилгээний лабораторитой хот айлын гадаа буух боломжтой боллоо. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, шуурхай байдал хангагдаж, дараагийн шатлалдаа өвчний мэдээллийг тэр дор нь хүргэж хамтарч оношлох, эмчлэх боломж энэ төсөл олгосноор хэнийг ч орхигдуулахгүй ажиллах боломж бүрдлээ. Загвар төсөл тул Жаргалантынхан маань хичээж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон хэлсэн юм.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, ДЭМБ, АШУҮИС хамтран төсөл хэрэгжүүлэх аймаг сум, өрхийн ЭМТ-үүдийн төлөөлөл оролцуулсан сургалтыг хийж, эмнэл зүйн лекц, багажийн ажиллагаа, шинжилгээ хийх аргачлал болон асуумж бөглөх, түүнийг программд шивэх, боловсруулалт хийх аргачлалын талаарх мэдээллийг бүрэн өгсөн байна.

Б.Гэрэлт-Од
 
相关新闻