Нүүрс тээвэрлэлтийн авто машинуудын урт цувааг цэгцлэх шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомт орчмын нүүрс тээвэрлэлтийн авто машинуудын урт цувааг цэгцлэх шаардлагатай болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт нүүрс тээвэрлэгч автомашины цуваа 80-90 км хүртэл үргэлжилж тэнд ажиллаж байгаа жолооч нарт олон асуудал, бэрхшээл тулгараад байсан. Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Гашуун сухайт хилийн боомт орчимд бий болсон нүүрс тээвэрлэгч автомашины урт цуваа, жолоочдын ажил байдалтай биечлэн танилцаад ирлээ.
Тэрээр Хятад, Монгол талын Гаалийн удирдлагуудтай мөн уулзаж тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна. Ойрын өдрүүдэд үүсээд байсан урт цуваа нь Хятад улсын тэмдэглэлт баяртай холбоотой хил хааж нүүрсний машин гаргахгүй байснаас үүдсэн гэнэ. Харин энгийн үедээ байнгын 20-30 км үргэлжлэн байдаг нүүрс тээвэрлэгч автомашины цувааг төр засгийн бодлогын түвшинд анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Гаалийг уртасгасан цагаар ажиллуулах, ням гаригт ажилладаг болгох, нүүрс тээвэрлэгч машины тоог нэмэхгүй байх тал дээр санал солилцсон байна. Хоёр талын хамтын ажиллагаа сайжирснаар Гашуун сухайт хилийн боомтод үүсээд байгаа нүүрс тээвэрлэгч автомашины урт цуваа багасаж, түүнийг дагасан олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм. Гаалиар өдөрт 1200 орчим нүүрс тээвэрлэлтийн автомашиныг нэвтрүүлдэг байсан бол өчигдөр анх удаа 1613 нүүрс тээвэрлэгч автомашин нэвтрүүлжээ.
Д.Мишигсүрэн