Абу Дабигийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-30 12:39:13

Абу Даби хотноо жүдо бөхийн "Гранд Слам" өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 16 бөх хүч үзэхээр АНЭУ-ыг зорьсон юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг жингийн барилдаан болно. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар "D" хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Мексик, Хонконгийн бөхчүүдийн хожсонтой эхний барилдаанаа хийхээр оноолт таарчээ. Мөн 60 кг-д Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар хүч үзнэ. Манай бөх "В" хэсэгт оржээ. Болгарын Я.Герчевтэй эхний барилдаанаа хийнэ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д залуу тамирчин Н.Мөнхбаяр хүч үзнэ. Тэрбээр эхний барилдаанаа Канадын бөхтэй хийхээр сугалаа таарчээ. 73 кг-д барилдах Г.Балсанлхүндэв Колумбын бөхтэй эхний тойрогт учраа таарчээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг ОХУ бөхтэй, Э.Гэрэлмаа БНХАУ-ын бөхтэй эхний тойрогт барилдах оноолт таарсан. 52 кг-д барилдах П.Буянхишиг Францын П.Гнетотой хүч үзэх бол Б.Алтанцэцэг АНУ-ын бөх Анжелика Дельгадотой барилдана.

АНЭУ-ын Абу Даби хотноо ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилэх " Их дуулга" тэмцээнд 88 орны эрэгтэй 300, эмэгтэй 189 тамирчин аваргын төлөө хүч үзэх юм. Манай тамирчдын дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ш.Цэцэгмаа болон Монголын жүдо академийн багш Д.Батсайхан нар оролцож байна.

Д.Өлзий

相关新闻