Завханы Нэгдсэн эмнэлэг III шатлалын эмнэлгийн зарим оношилгоо, эмчилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-20 17:04:46
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэгт III шатлалын эмнэлэгт хийгддэг 13 төрлийн оношилгоо, эмчилгээг амжилттай хийж байна.
Тухайлбал зөвхөн III шатлалын эмнэлэгт хийгддэг байсан дурангаар ходоод, 12 хуруу гэдэсний цус алдалтыг тогтоох, шарханд эмчилгээ хийх, ур авах, улаан хоолойн өргөссөн венийн судсанд боолт хийх, улаан хоолой, ходоод, уушгинаас гадны биет авах, компьютер томографи хийх зэрэг эмчилгээ, оношилгоог орон нутагтаа хийж байгаа ажээ. 
Түүнчлэн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгдсэн лабораторийн бүрэн автомат анализатор аппаратууд нийлүүлэгдсэнээр лабораторийн хүчин чадал сайжирч, бүх төрлийн шинжилгээнүүдийг чанар, стандартын өндөр түвшинд хийж байгаа ажээ. Ингэснээр алслагдмал орон нутгийн ард иргэдэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн, сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж буй юм.
Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг жилдээ 6000-7000 алсын болон ойрын дуудлага хүлээн авч тусламж үзүүлдэг. Үүний 30-40 хувь нь яаралтай тусламж шаардсан дуудлага байдаг. Тиймээс иргэдэд стандартын дагуу чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ОНХС-ийн 190 сая төгрөгийн хөрөнгөөр яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг нэг дор төвлөрүүлэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийжээ. Мөн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь нэмэлт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Ингэснээр яаралтай тусламж шаардсан өвчтөнд зүрхний бичлэг хийх, эход харах зэрэг үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрджээ.
Б.Мягмарсүрэн
相关新闻