Хүүхэд хутгалсан гэмт этгээдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-21 19:38:20
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар багийн нутаг Улаанхошууны ойролцоо салхилж байсан хүүхдүүд рүү үл таних этгээд дайрч хутгалсан гэх хэрэг энэ сарын 09-нд  гарсан.
Хүн хутгалсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газрын холбогдох бие бүрэлдэхүүн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэрэгтнийг  баривчилжээ.
Хэргийн талаар аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах тасгийн, мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Даваацэрэн, ”Гэмт этгээдэд хутгалуулсан хоёр хүүхдийн биеийн байдал хүндэрч аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. Хэргийн газар дээрх ул мөр, бусад нотлох баримтыг үндэслэж цагдаагийн алба хаагч бид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагааг тухайн орчинд зохион байгуулж, баривчилсан. Одоо мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Хутгалуулсан хоёр хүүхэд 15,17 настай байсан бөгөөд нэг нь баруун талынхаа өгзөг дээр том хэмжээний шарх, нөгөө нь цээжний хөндий рүүгээ нэвтэрсэн шарх авч их хэмжээний цус алдсан байсан. Эмч нар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хагалгаа хийснээр  хүүхдүүдийн биеийн байдал  сайжирчээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻