Сайншанд хотыг тохижуулах аяны шилдгүүдэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-22 16:59:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор зохион байгуулсан “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аяны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 21-нд болов. Аяныг дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын  24-нийг хүртэл зохион байгуулсан.
Хотыг тохижуулах аянд Сайншанд хотын иргэд, аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж идэвх, зүтгэл гаргаж оролцсон учир аяны үйл ажиллагааг нэг сарын хугацаанд сунгасан байна. Сайншанд сумын ЗДТГ-аас дээрх аянд идэвх зүтгэл гаргаж оролцсон аж ахуй нэгжүүдэд  шагнал гардуулсан бол  амьдарч буй орчноо тохижуулсан иргэдэд талархал хадгалуулав. Аянд Сайншанд хотын 161 аж ахуй нэгж байгууллага иргэдийн төлөөлөл  оролцжээ.
“Хотын гудамж” аяны III байрт “Ээлт Шанд” ХХК-ийн “Сидней” худалдааны төв шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл, 200 мянган төгрөгөөр, II байрт “Суман зурхай” ХХК-ийн “Бадрах-Өргөө” зочид буудал шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйл,  300 мянган төгрөгөөр, тэргүүн байрт “Орлой зээрд” ХХК-ийн “Ган зам” худалдааны төв шалгарч  өргөмжлөл, дурсгалын зүйл,  500 мянган төгрөгөөр тус тус шагнуулав.

Хамтдаа тохижуулах аяны III байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ахлах  ангийн сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл, 100 мянган төгрөгөөр, II байрт  Дорноговь аймгийн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо болон Дорноговь аймгийн Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбоо өргөмжлөл, дурсгалын зүйл, 150 мянган төгрөгөөр, тэргүүн байрт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн дөрөвдүгээр дамжааны “Монгол таны төлөө” баг  тус тус шалгарч  өргөмжлөл, дурсгалын зүйл,  200 мянган төгрөгөөр шагнуулав.
Тэгш гудамж аяны тэргүүн байрт Сайншанд сумын ЗДТГ-ын I багийн Ажлын алба шалгарч  өргөмжлөл, дурсгалын зүйл,  500 мянган төгрөгийн эзэн болов. Сайншанд хотыг тохижуулах аян жил бүр уламжлал болгож зохион байгуулагдахаар болжээ. Төв цэцэрлэгт хүрээлэн болон аймгийн Шүүхийн барилгын урд буй Сайншанд сумын VI багийн нутагт байрлах "Залуус" цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн барилгын компаниуд болох "Тобэм" ХХК, "Энержи парагон" ХХК, "Айсуй хөгжил" ХХК, "Нэгдсэн Монгол" ХХК зэрэг компаниуд  өөрсдийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж өгчээ. 
Мөн “Хул Шанд”, “Үлэмж”, “Сувдан-Өргөө” “Их говийн өргөө”, “Сангийн далай” зэрэг барилгын дэлгүүрүүд барилгын материалаар дэмжиж ажиллав. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар төлөвлөсөн дээрх аянд МСҮТ-ийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцсон. Мөн  МСҮТ-ийн мужааны ангийн оюутнууд, “Модны зах”-ын эзэд Сайншандын ар хөтөл дээр байх  “Дорноговь 80”  цогцолборыг тохижуулав.
Х.Эрдэнэбулган
 
相关新闻