Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-26 10:39:43
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар сарын 25-ны 07.00 цагт орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуульд Дорноговь аймгийн хэмжээнд  43488 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн.
Сайншанд сумын сонгуулийн санал авах 492 дугаар хэсгийн санал авах байранд өглөөний 06.45 цагийн үед очиход санал авах хэсгийн зохион байгуулагчид, улсын бүртгэлийн хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хамгаалалтын хоёр ажилтан, мэдээллийн технологийн даамлууд ирж санал авах бэлтгэл ажлыг хангаж байснаас гадна АН-ын хоёр, МАН-ын хоёр, МАХН-ын хоёр, нийт зургаан ажиглагч хяналтын үүрэг гүйцэтгэхээр ирсэн байлаа.
Ингээд  өглөөний 07.00 цагаас төрийн дуулал эгшиглэж санал авах ажиллагаа эхлэв. Зохион байгуулагчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан харьяа хэсгийнхээ 28 сонгогчийн саналыг санал тоолох төхөөрөмжид уншуулав. Мөн зөөврийн хайрцгаар санал өгсөн иргэдийн бүртгэлийн хуудсыг хэвлэж дуусгалаа. Үүний дараа эхний хүн 07.25 минутын үед санал өгсөн юм. Санал авах үйл ажиллагааны талаар Сайншанд сумын сонгуулийн санал авах 492 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч  Б.Адилбиш, “Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагаас эхэлсэн.  Манай санал авах байранд нийт 1485 сонгогчийн нэрсийн жагсаалт хүргэгдэж ирсэн.
Харин ирсэн саналын хуудас нь 1409 байгаа. Саналаа өгөхөөр ирсэн сонгогчид улсын бүртгэлийн ажилтан дээр очиж хурууныхаа  хээг төхөөрөмжид  уншуулж, дараа нь мэдээллээ зохион байгуулагчдад шалгуулаад нэрсийн жагсаалтад гарын үсэг зураг зурснаар саналын хуудас авч саналаа өгөх боломжтой. Сонгуулийн санал авахтай холбоотой шаардлагатай  мэдээллийг  улс төрийн намуудын ажиглагч нарт тухай бүрт нь танилцуулж байгаа.
Санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэв. Дорноговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд 60 санал авах байранд нийт 421 төрийн албан хаагч ажиллаж байна. Санал авах үйл ажиллагаа өнөөдөр 22 цаг хүртэл үргэлжилнэ.
Х.Эрдэнэбулган
相关新闻