Яруу найрагч Ө.Отгон “Гүн цэнхэр огторгуй” нэртэй анхны номоо хэвлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-26 13:53:05
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, яруу найрагч Ө.Отгон “Гүн цэнхэр огторгуй” нэртэй анхны номоо хэвлүүлж, уншигчдын хүртээл болголоо. Шинэ номын нээлт аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-нд болов.
Түүний  бодол сэтгэлээс урган  гарсан эл ном  шүлэг яруу найргийн, өгүүллэг, дурсамж дурдатгалаас бүтсэн байна. 1980-аад оноос утга зохиол, шүлэг яруу найраг сонирхож, бичиж туурвиж ирсэн тэрбээр анхныхаа шүлгийг аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, зохиолч, эмч Хандын Цэрэндорж багшдаа үзүүлснээр сонинд нийтлүүлсэн байдаг. Хөдөө хөхөрч, гадаа гандаж, мал маллаж, буянт говийнхоо будан манантай талаар морь мэт дэргүүлэн өтлөх энэ эр утга зохиолд дэндүү дуртай.
Нэгдүгээр ангидаа 35 үсэг нүдлэж дуусгаад “Нигери” гэдэг нохойны тухай  ном уншсан,  гурав, дөрөвдүгээр ангид орохдоо Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман, гадаадын Жюль Верн, Ги де Монассын зохиолуудыг дуусгаад хичээл дээрээ уран зохиолын номыг багш нараасаа нууж сурах бичгийн номоор халхлан уншиж байсан гэх  гэгээн зам мөр, хүсэл сонирхол түүнийг уран зохиолын замд хөтөлжээ.
Тэрээр утга зохиолын хувьд зургаан багштай гэж номондоо бичжээ. Анхны багш нь Дархан хотод сурч байхдаа учирсан зохиолч З.Баттулга, Дорноговь аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан, зохиолч, эмч Х.Цэрэндорж бол Оросын их зохиолч В.Распутин, Латин Америкийн их зохиолч Нобелийн шагналт Габриаль Де Маркес, яруу найрагчдаас Унгарын Эндрю Адю, Персийн Омар Хайяам нарыг эчнээ багшаа гэж хүндэлдэг.
Наймдугаар ангиа төгсөөд Дархан хотын Политехникумд суралцсан ч хоёр жил болоод явчихсан, армид алба хааж салааны захирагчийн орлогч болж дэвшиж явсан, говь нутгийн усжуулах  ажилд хүчин зүтгэсэн, социалист бүтээн байгуулалтад гар бие оролцсон гээд түүний эгэл даруухан амьдралын он цагийн нугачаа дундаас  урган гарсан яруу найргийн ном түүний анхны бүтээл.
“Гүн цэнхэр огторгуй”  номд  яруу найрагч өөийн бодол сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл, хүмүүний мөн чанар, нутаг ус, хайр сэтгэлийн тухай гэгээн шүлгүүд, өгүүллэг, дурсамжаа хөврүүлжээ. Номын редактороор яруу найрагч, сэтгүүлч Э.Эрдэнэдалай, өмнөтгөл үгийг “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч сэтгүүлч Ш.Энхбаяр бичсэн бол ном хэвлүүлэх ажлыг  аймгийн Төв номын сангийн захирал, яруу найрагч А.Байгалмаа гүйцэтгэжээ.  Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Х.Эрдэнэбулган

相关新闻