Батсүмбэр суманд үер бууж хоёр айлын гэр урсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өчигдөр орсон аадар борооны улмаас Төв аймгийн Батсүмбэр суманд үер бууж хоёр айлын гэр, зургаан айлын хашаа урссан талаар аймгийн ОБГ-аас мэдээлэв.

Хүчтэй аадар бороо Батсүмбэр сумын нэгдүгээр багийг дайрч өнгөрөхдөө их хэмжээний үер бууж хоёр айлын гэр, зургаан айлын хашаа нурж урсжээ. Үерээр орж ирсэн их хэмжээний лаг хогийг өнөөдрөөс цэвэрлэж зайлуулахаас гадна сэргээн босгох ажил явагдаж байна. Үерийн дараах цэвэрлэгээнд Төрийн банк, Хас арвижих ХХК, УБТЗ-ын Батсүмбэр сумын хэсгийн ажилчид болон ард иргэд оролцсон нийт 100 гаруй хүн ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд борооны улирал таарч байгаа учраас сум орон нутаг маргаашаас нэмж суваг, шуудуу татах, айл өрх болон нийтийн гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгдэнэ. Мөн үерт гэр урссан хоёр айлд сумын Засаг даргын нөөц сангаас хоол хүнс болон мөнгөн тусламж үзүүлсэн бөгөөд аймгийн Улаан загалмайн нийгэмлэг рүү гэр хүссэн өргөдөл явуулсан талаар Батсүмбэр сумын ЗДТГ-ын дарга Ч.Дашцэрэн хэлэв.

Т.Есүхэйтөмөр