Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоохыг иргэд дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
gantuya@montsame.mn
2017-08-22 08:33:51
Булган /МОНЦАМЭ/. МонголУлсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг өчигдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болов. Хэлэлцүүлэгт төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, албан хаагчид, Сайхан, Тэшиг, Баян-Агт, Хутаг-Өндөр сумдын иргэд оролцов. 

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Бид шинэ Үндсэн хуулиа батлаад 25 жил өнгөрсөн байна. Улс орон, нийгмийн хөгжлийн явцад Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага гарсан. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмний бүрэн эрхт байдал, Монгол Улсын иргэн бүрийн оролцоог хангахаар улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа бүх нийтээр хэлэлцэн, иргэдийн саналыг авч тусгасан шиг энэ удаагийн төслийн хэлэлцүүлэг ч тэр хэрийн өргөн цар хүрээнд явагдаж байна. Бүсчилсэн хэлэлцүүлгийн дараа сум, баг бүрт хэлэлцүүлэг явагдах тул Та бүгд идэвх санаачлагатай оролцоорой” гэлээ.

Хутаг-Өндөр суманд болсон бүсчилсэн хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулав. Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших 25 жилд УИХ-Засгийн газар, Ерөнхийлөгч-УИХ, Ерөнхийлөгч-Засгийн газар, Ерөнхийлөгч-Шүүх эрх мэдэл хоорондох эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт оруулах, сайжруулах шаардлага үүссэн байна. Эрдэмтэн, судлаачид төдийгүй ард иргэд ч энэ талаар санаа бодлоо илэрхийлэх болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Үндсэн хуулийг дээдлэн сахих, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалах, ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх” гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан УИХ, Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, үндэслэлийг тогтоохын тулд эхний ээлжинд  Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан байна. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” үүрэг бүхий тус ажлын хэсэг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж 3000 гаруй иргэдийн санаа бодлыг тандан судалсан байна. Ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим шаардлага буй болсныг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх тодорхой санал дүгнэлт боловсруулж Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Танилцуулгын дараа бүсчилсэн хэлэлцүүлэг оролцож буй Булган аймгийн дөрвөн сумын иргэдийн төлөөлөл төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулж, санал бодлоо илэрхийлэв.

Ийнхүү Булган аймагт зохион байгуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэг өндөрлөлөө. 
М.Батжаргал
相关新闻