"Элсний баяр"-ыг анх удаагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-08-22 09:42:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Сэврэй суманд "Элсний баяр" арга хэмжээг алдарт "Хонголын элс"-нд зохион байгуулах гэж байна.

Тухайн бүс нутгийн аялал жуулчлалын цаг хугацааг уртасгах, малчдын бизнесийг дэмжих зорилготой энэхүү баярыг ирэх сарын 16,17-ны өдрүүдэд хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр элсэн урлалын баримал хийх, элсний волейбол, элсний уулын оргил булаацалдах, элсний сумо бөхийн барилдаан, байгалийн уран тогтоц бүхий элсний фото зургийн үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаатай гэнэ.

Анх удааг болох "Элсний баяр"-ыг энэ жилдээ аймгийнхаа хэмжээнд, дараа жилээс улсын хэмжээний аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээ болгох юм байна. Тус баяр оролцох иргэдийг ирэх сарын 15-н хүртэл бүртгэнэ гэж зохион байгуулагчид хэллээ.

Уг баярыг зохион байгуулах "Хонгорын элс" нь Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Энэхүү уулын хамгийн өндөр хэсэг нь газрын гадаргаас 195 метр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах чимээ холоос сонсогддог учраас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий.
 
Д.Мишигсүрэн
相关新闻