Гашуунсухайт боомтонд шалган нэвтрүүлэх 10 гаруй байр барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтонд шалган нэвтрүүлэх 10 гаруй байр барьжээ.
Хил хамгаалах ерөнхий газраас Гашуун сухайт хилийн боомтын шалган нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор шалган нэвтрэх кабиныг барих асуудлыг тавьснаар ийнхүү бодит ажил болжээ. УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд Улсын төсвийн тодотголд тэрбум гаруй төгрөгийг суулгуулж Гашуун сухайт хилийн боомтоор эрдэс баялаг тээвэрлэж буй автомашины жолооч нарын хил нэвтрэх эрхийн баримт бичгийг шалгах тусгай зориулалтын шалгалтын кабиныг байгуулахад 350 сая төгрөг, тэнд ажиллах боловсон хүчний цалингийн сангийн 900 гаруй сая төгрөгийг шийдвэрлүүлсэн байна.
Тус кабин нь чанар аюулгүй байдлыг бүрэн хангаж, тоноглогдсон төдийгүй түүгээр үйлчлүүлж буй жолооч нарын цаг хугацааг хэмнэсэн, хил орчмын хөгжилд томоохон ахиц гарсныг том оврын автомашины жолооч нар онцолж, талархалтайгаа байгаагаа илэрхийлж байгаа аж.
Таван толгойн уурхайгаас нүүрс тээвэрлэн Гашуунсухайтын боомтоор урд хөрш рүү гаргах болсоор 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Уурхайнууд идэвхтэй ажиллах үед боомтоор нүүрс тээвэрлэн гарах авто машинуудын цуваа урт дараалал үүсгэн жолооч нарт хүндрэл учруулдаг билээ. Энэхүү шалган нэвтрүүлэх байрыг ашиглалтад оруулснаар энэхүү ачаалал бага ч гэсэн буурна гэж үзэж байгаа юм.
Д.Мишигсүрэн