Хөдөлмөр зусланд урт хугацаатайгаар амрахыг хүүхдүүд санал болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт анх удаагаа хүүхдийн хөдөлмөр зусланг ажиллуулж байна. Хүүхдийн зуны амралтаар уг зусланг нээн ажиллуулсан бөгөөд зусланд 50 гаруй хүүхэд амарчээ.
“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдүүдийг монгол ёс заншлаа дээдлэх, танин мэдэх, малч, хөдөлмөрч арга ухаанд сургахаар дээрх хөдөлмөр зусланг нээсэн юм.
Хүүхдүүдийн байрлах гэр орон, хоол хүнс, хариуцах багш нарын асуудлыг аймгаас бүрэн шийдвэрлэж өгсөн байна. Тэд үхэр мал саахаас эхлээд сүү цагаан идээ боловсруулах, мал сүргээ хариулах, төрөл бүрийн хүнсний ногоог тариалах, хураах зэрэг монгол ахуйн хөдөлмөрөөс их зүйлийг сурч мэдэж иржээ. Мөн ажил хөдөлмөрт суралцахаас гадна бие даах, олон найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлж чадсан учраас ирэх жилүүдэд илүү урт хугацаатайгаар амраадаг болгохыг хүүхдүүд санал болгосон байна.
Хөдөлмөр зусланд нэг жилдээ аймгийн төвд амьдардаг, монгол ахуйгаасаа хөндий байдаг 60 хүүхдийг хамруулдахаар төлөвсөн байна. “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилд нийтдээ 240 хүүхэд амруулж монгол ёс заншил, газар тариалан, мал маллах арга ухаанд суралцуулахаар урьдчилсан төлөвлөөд байгаа ажээ.
Д.Мишигсүрэн