Мексикт 8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-09-08 12:09:15
МЕХИКО./ВВС/. Мексикийн өмнөд эрэгт Номхон далай орчимд орон нутгийн цагаар баасан гарагийн үүрээр 8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь тус улсын Пихихьяпан хотоос баруун өмнө зүгт 100 км-ийн зайд орших газарт 35 км-ын гүнд ажээ.

Газар хөдлөлттэй холбоотойгоор Мексик, Гватемал, Эль- Сальвадор, Коста-Рика, Никарагуа, Панам болон Гондурас улсад цунамийн түгшүүр зарласан байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Мексикийн нийслэл Мехико хотод мэдрэгдсэнээр байшин барилгууд ганхаж, хүмүүс сандралдан гудамжинд гүйн гарцгаажээ.

Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байна.
Г.Доржханд

 
相关新闻