"Говь фестиваль -2017" арга хэмжээг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Говь фестиваль -2017" арга хэмжээ энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болно.
Үйлдвэрлэгч нараа дэмжин зохион байгуулдаг "Говь фестиваль", "Малчны өдөр" арга хэмжээг аймгийн төв Даланзадгад хот дахь "Шинэ говь" худалдааны төвд болох юм. Энэхүү ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ үеэр сүү цагаан идээ, хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүн гэх мэт төрөл бүрийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаас гадна аль болох шинэлэг, малчид, бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй ач холбогдолтой болгохыг зорьж буй аж. Жил бүрийн уг арга хэмжээний үеэр иргэд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын гар дээрээс бүтээгдэхүүнээ авах боломжийг нээж өгдөг юм. Үзэсгэлэн худалдааны үеэр бизнес эрхлэгчид бие биеэсээ туршлага судлан, тухайн оны шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг уламжлал тогтоод байгаа билээ.
Д.Мишигсүрэн