Дэвшилтэт технологи ашигласнаар ганг харьцангуй хохирол багатай давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-12 11:28:43
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны “Ургацын ундраа” ХХК-ийн хамт олон энэ жил 20 дахь намрынхаа ургацыг хураан авч байна. Тус хамт олны нэг онцлог нь үйл ажиллагааныхаа 20 жилийн түүхэнд жил бүр нэгж га-гаас авах ургацын хэмжээгээ тогтмол барьж, ургац алдаж байсан удаагүй ажээ.
“Ургацын ундраа” ХХК-ийн хувьд 4000 гаруй га эргэлтийн талбайтай. Үүнээс жилд 1500-2000 орчим га-д нь улаанбуудайн тариалалт явуулдаг байна. Тус компанийн захирал Л.Ганболд:-“Энэ зуны тухайд халалт их явагдсан ч бид уламжлалт уриншаасаа татгалзаж “Элдэнэшүүлэггүй технологи” нэвтрүүлсний үр дүнд ганг харьцангуй хохирол багатай давлаа” хэмээлээ.

Эднийх ургацын урьдчилсан балансаар нэгж га-гаас дунджаар 18 цн ургац хураан авах тооцоотой ажиллаж байгаа аж. Хэрэв энэ амжилтаа бататгаж чадвал “Ургацын ундраа”-гийн тариаланчид 20 дахь намрын ургацаа алдалгүй амжилтаа бататган ажиллах юм байна. 20 намар тогтмол га-гаас 18 цн ургац хурааж авна гэдэг тэр бүр давтагдаад байх амжилт биш юм. Тус компанийн нэг онцлог нь  байгалийнхаа аяст тохируулж элдэнэшүүлэггүй технологиор уриншаа хийж, сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглаж ажилласны үр дүнд харьцангуй ганд тэсвэртэй боломжийн ургац авах нөхцөл бүрджээ. Тус компанийн хувьд энэ жилийн тариа хураалтын ажлаа энэ сарын 25 гэхэд амжиж дуусгах зорилттой ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻