Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамтын хүчээр 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-12 12:18:23
Завхан/МОНЦАМЭ/. Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нэг дор “Хамтын хүч, хөгжлийн гарц” нэртэй эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх төв /дэлгүүр/-өөр борлуулж байна. Тус төвийн дэлгүүрийг өнгөрсөн гуравдугаар сард аймгийн Засаг даргын ивээл дор нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 87 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ.

Тус дэлгүүрт Завхан аймгийн гар урлал, мод, модон бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнийг урладаг жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг ажээ. Түүнчлэн Завхан аймаг энэ дөрвөн жил үйлдвэрлэгч аймаг болох зорилтыг дэвшүүлж баялаг бүтээгч эмэгтэйчүүдээ ийнхүү дэмжин хамтарч ажиллаж буй нь гэртээ урласан бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй борлуулж өрхийн эдийн засгаа өргөжүүлэхэд нь нэмэр болж байна. Түүнчлэн өөрсдийн бүтээсэн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, байнгын хэрэглэгч түнштэй болоход минь ч энэхүү дэлгүүр их өгөөж өгч байгааг эмэгтэйчүүд мэдээллээ.

Дашрамд дурдахад, өдгөө энэ дэлгүүрт 50 гаруй төрлийн 3000 орчим бүтээгдэхүүн хямд өртгөөр худалдаалагдаж байна. Мөн Завхан аймаг нийслэл Улаанбаатар хотод бизнесийг дэмжих шинэ нэгжийг байгуулж энэхүү нэгжээр дамжуулан орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаанбаатарын зах зээлд борлуулахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар Завханы хүнсний гурван үйлдвэр Улаанбаатар хотод нэрийн дэлгүүртэй аж. Тэгвэл олон жижиг нэрийн дэлгүүр ажиллуулахгүйгээр Завханы бүхий л нэрийн бүтээгдэхүүнүүдийг худалддаг борлуулдаг, бизнест хамтран ажиллах түнш олох зорилготой нэг нэгж салбар байх нь зүйтэй гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна.

Б.Мягмарсүрэн
相关新闻