Завхан аймаг баяр ёслолыг архигүй тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг “Архигүй-хамт олон” аяныг өрнүүлж энэ хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна.
Архидан согтуурах нь аливаа гэмт хэрэг, зөрчлийн томоохон шалтгаан болдог төдийгүй нийгэмд асар их сөрөг үр дагавар үүсгэдэг. Тиймээс аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө жилд хоёр удаа архигүй хамт олон болох аяныг зохион байгуулж явуулахыг тусгажээ. Энэ аянаар төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулах, хорт зуршлаас татгалзах, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхийн төлөө төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, аливаа баяр ёслолын үеэр оргилуун дарс, архи согтууруулах ундаагаар биш, сүү, айраг өгч хүндэтгэл үзүүлж төсвийн болон бусад зардлыг хэмнэх зорилготой ажээ. Тиймээс өнгөрсөн жилээс эхлүүлэн төрийн байгууллагууд сүү, айргаар хүндэтгэл үзүүлдэг болж тэмдэглэлт баяр ёслолоор архи согтууруулах ундааг нэгдсэн журмаар хэрэглэхгүй уриалгыг хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 56 төрийн байгууллага олон нийтийг хамруулсан 18 үйл ажиллагааг явуулжээ.
Б.Мягмарсүрэн