Явуулын эмнэлгийн үйлчилгээг улам өргөжүүлэхийг хүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ намрын “”Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг баруун болон зүүн бүсийн зургаан суманд үзүүлжээ.
Явуулын эмнэлгийн үйлчилгээгээр 960 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй сумдын 483 хүнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийжээ. Явуулын эмнэлгийн үйлчилгээгээр иргэдэд эхо, дүрс оношилгоо, биохимийн шинжилгээ болон шүд, дотор, мэдрэлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн нэг жилийн хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг ямар шинэ үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлсэн талаарх үйл ажиллагааныхаа тайланг иргэдэд тавьж санал хүсэлтийг нь сонссон байна. Энэ үеэр орон нутгийн иргэд сумандаа эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч буй нь их сайшаалтай, бас эмчилгээг хийж буй нь ч бидэнд их таалагдаж байна. Явуулын эмнэлгийн үйлчилгээг улам өргөжүүлэхийг эмнэлгийн удирдлагууд болон эмч мэргэжилтнүүдээс хүслээ.
Б.Мягмарсүрэн