Улаан загалмайн үйл ажиллагааг ивээн тэтгэдэг онцгой гишүүдийн уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-04 15:51:59
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Улаан загалмай хороо ивээн тэтгэгч онцгой гишүүдийнхээ чуулга уулзалтыг хийх гэж байна. Тус хороо өнөөдрийн байдлаар 150 гаруй онцгой гишүүнтэй болж, үйл ажиллагаандаа дэмжлэг авдаг болжээ.

Монголын Улаан загалмай нийгэмлэг /МУЗН/ татвар төлөгч болон ивээн тэтгэгч гишүүн,  хүмүүнлэгийн байгууллага гэсэн гишүүнчлэлтэй байдаг. Үүн дотор ивээн тэтгэгч буюу онцгой гишүүдийн дэмжлэг МУЗН- ийн анхан болон дунд шатны хорооны үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болдог байна. Онцгой гишүүн гэдэг нь МУЗН- ийн үйл ажиллагаанд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэн, идэвхи зүтгэл гарган хамтран ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсан хүнийг хэлдэг ажээ.

Дундговь аймгийн Улаан загалмай хорооны хувьд, ивээн тэтгэгч онцгой гишүүдийн нь эгнээ өргөжиж, хүмүүнлэгийн үйлсэд сайн дураар нэгдэж байгаа хүмүүс нэмэгдэж байгааг тус хорооны дарга Д. Сампил хэлж байна. Өнгөрсөн жил 100 гаруй онцгой гишүүнтэй байсан бол энэ онд 50 гаруйгаар өссөн. Цаашид ч өргөжинө гэсэн итгэлтэй байдаг хэмээсэн юм.  Онцгой гишүүд 50 мянгаас 500 мянга хүртэлх мөнгөн болон эд малын дэмжлэгийг үзүүлдэг бөгөөд тэдний дэмжлэгийн 50 хувь нь сумын улаан загалмайн анхан шатны хороо, 35 хувь нь аймгийн УЗХ, 15 хувь нь Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд зориулагддаг байна. Дундговь аймгийн онцгой гишүүдийн хувьд сүүлийн 2 жилд 8.2 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт гурав дахь нь юм. Улаан загалмайн анхан шатны хороодод бүртгэлтэй ивээн тэтгэгч онцгой гишүүдээ алдаршуулах, сумын анхан шатны хорооны үйл ажилллагааг идэвхижүүлэхэд оруулж буй тэдний хувь нэмрийг нийтэд таниулах, онцгой гишүүдийнхээ эгнээг өргөжүүлэхэд энэхүү чуулга уулзалтын зорилгыг чиглүүлдэг байна.
Ивээн тэтгэгч онцгой гишүүдийн чуулга уулзалт энэ сарын 6- ны өдөр Мандалговь хотод болох юм.

Т. Отгонтуяа
相关新闻