Цагдаагийн газар хөлбөмбөгийн аваргуудаа шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-05 16:00:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнийхөө хүрээнд хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ жил “Нийтийн хэв журам хамгаалах тасаг”-ийн нэрэмжит болгосон байна.

Цагдаагийн байгууллага өмнө нь заалны хөлбөмбөгийн тэмцээнийг явуулж уламжлал болгоод байсан юм. Энэ жил анх удаагаа гадаа талбайд зохион байгуулжээ. Тэмцээнд аймгийн төвийн болон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын оролцсон 7 багийн 63 тамирчин оролцсон байна. Нэгдүгээр байрт эрүүгийн цагдаагийн баг, хоёрдугаар байранд хэсгийн төлөөлөгч нарын баг, гуравдугаар байрт замын цагдаагийн тасгийн баг оржээ. Энэ жилээс шилжин явах цомтой болгосон байна.

Тэмцээн нь албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварыг сайжруулах, хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготой зохиогдсон байна.   

Б.Гэрэлт-Од
相关新闻