Их зохиолчдоо зориулсан дурсгалын хөшөөг төрсөн буурин дээр нь босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-09 10:18:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Төрийн хошой соёрхолт, их зохиолч Дашзэвэгийн Сэнгээгээр овоглосон Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургууль үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэлээ.
Тус сумынхан энэхүү ойн арга хэмжээний хүрээнд нутгийнхаа унаган хүү, их зохиолчийнхоо хүрэл хөшөөг түүний төрсөн гэрийн буурь болох “Дулаан уул”-ын ар хэмээх газарт сүндэрлэн босгосон байна. 
Зохиолчийн ойг тэмдэглэж, хөшөөг нь босгох үйлсийг нутгийн уугуул академич Л.Болд санаачилж Нутгийн Зөвлөлийн дарга Г.Занданхүү, Барилгын компаний захирал н.Алтангэрэл нар хамтран бүтээлцжээ. 
Хөшөөний нээлт, ойн баярын үйл ажиллагаанд Их зохиолчийн хүү С.Эрдэмбилэг, ач хүү Э.Манлай нар Чех улсаас ирж оролцсон байна. Энэ үеэр "Тагтаа" дуугаар нь Ардын жүжигчин Ч.Мөнхшүр ая өргөж, зочин гийчэд нутгийнхан түрэн дууллаа.
Төрийн хошой соёрхолт, их зохиолч Дашзэвэгийн Сэнгээгийн "Тагтаа" шүлэг, Хөрсөн доор нь эрдэнээр арвин, Хүний хэрэгцээ цөм багтсан... гээд "Эх орон" дуу, "Аюуш" тууж, "Өвгөн партизаны яриа" зэрэг зохиол бүтээлийг нь хүмүүс илүү мэддэг байна.
Ч.Отгонцэцэг
 

相关新闻