Ахмад шатарчдын аймгийн аваргаар спортын мастер Р.Баянбайгаль шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-10 09:03:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Спортын дэд мастер, ахмад шатарчин Н.Энэбишийн нэрэмжит "Ахмад шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн" Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнгөрсөн бямба, ням гарагуудад болж өндөрлөлөө.
"Үлэмжийн чанар" морин хуурын аялгуут эгшгээр эхэлсэн ахмад шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн тун ч дэг журамтай сайхан боллоо. Энэ удаагийн тэмцээний онцлог нь аймгийн шатрын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболдын санаачилгаар хожсон өрөг бүрд 5000 төгрөгийн урамшуулал олгож тоглосон нь шинэлэг бөгөөд өрсөлдөөнийг улам хурцалсан үйл ажиллагаа боллоо хэмээн ахмад шатарчид ярилаа. Ингээд ахмад шатарчдын аймгийн аваргаар спортын мастер, ахмад тамирчин Р.Баянбайгаль тодорч, удаах байрт волейболын спортын мастер, шатрын спортын дэд мастер А.Ганболд, дэд мастер Б.Батсайхан нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар шатрын спортын дасгалжуулагч багш Ө.Бат-Очир, Э.Оюунболд, ерөнхий шүүгчээр М.Гантөгс, туслах шүүгчээр С.Сундуй нар ажиллалаа. Тэмцээнийг аймгийн шатрын холбоо, Таван Хан шатрын клуб хматран зохион байгуулсан бөгөөд ерөнхий эвээн тэтгэгчээр "Баян” супермаркын хамт олон,  спортын дэд мастер, ахмад шатарчин Н.Энэбишийн гэр бүл оролцжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻