Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан 330 гаруй сурагч боловсрол эзэмшинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-10 16:41:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Насан туршийн боловсролын төвд 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 330 суралцагч суралцаж байгаагаас бага боловсролд- 36, суурь боловсролд – 147, бүрэн дунд боловсролд- 147 суралцагч сурч байна.
Насан туршийн боловсролын төв нь нийгмийн бүхий л орчин, цаг хугацаанд өөрийнхөө хэрэгцээ боломжинд нийцүүлэн боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрт адил тэгш олгох, төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, орон нутгийн иргэдийн насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.

Насан туршийн боловсролын төвийн бичиг үсэг таниулах сургалтанд  Чулуутаас 3, Өндөр-Улаан сумаас 2, Тариат сумаас 3, Булганаас 5, Хайрхан сумаас 1, Цахираас 3, Эрдэнэбулган сумаас 2, Ихтамир сумаас 2 нийт 21 хүн хамрагдаж өөрсдийн хэмжээнд уншиж бичиж чаддаг болжээ. Харин бичиг үсгийн боловсрол дээшлүүлэх сургалтанд Булган сумаас 7,   Хайрханаас 11, Хотонт сумаас 12, Цахираас 14 нийт 44 хүн хамрагдаж байгаа юм байна.

2017 оны хагас жилийн байдлаар Насан туршийн боловсролын төв, нэгжүүд  гэр бүлийн-38, амьдрах ухааны-45, ёс-суртахуун төлөвшлийн-17, иргэний боловсролын-30, гоо зүй, эрүүл мэндийн-15 удаагийн сургалтуудыг зохион байгуулж нийт 4200 орчим иргэнд дээрх боловсролыг олгожээ.   

Тус төв нь өнгөрөгч 2016-2017 оны хичээлийн жилд 452 суралцагчийг төгсгөжээ. Эдгээрээс 73 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байсан байна.  

Б.Гэрэлт-Од
相关新闻