Эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-11 10:08:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар хамрагдсан “Эх барих эмэгтэйчүүдийн яаралтай тусламж”-ийн эрчимжүүлсэн сургалт Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү бүсийн сургалтыг ЭМЯ, Люксембургийн Засгийн газар, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид дэмжлэг үзүүлэх зайн оношлогоо”-ны төсөл санхүүжүүлж, Малайз Улсын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн нарийн мэргэжлийн эмч нар чиглүүлэгч багшаар ажиллаж, хамтран зохион байгуулжээ. 
Малайзын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэг нь анх таван жилийн өмнө уг сургалтыг санаачлан манайд зохион байгуулж эхлүүлсэн бөгөөд “Ази-далайн холбоо”-ны зүгээс энэхүү үйл ажиллагааг бусад оронд түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзсэн тухай тус холбооны ерөнхийлөгч онцоллоо. Энэ удаагийн бүсийн сургалтанд гадаадын эмч мэргэжилтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаагаараа бусад аймагт болж байсан сургалтаас онцлог болж байна хэмээн оролцогчид хэлж байв.
Эх нярайн зайн оношлогооны төсөл Монгол Улсад 2007 оноос хэрэгжиж эхэлжээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөө орон нутгийн эмнэлгүүдийг ЭХЭМҮТ-тэй телемедициний сүлжээнд холбосноор эх барихын чанартай тусламж үйлчилгээний чадавхийг бий болгож чадсан байна. Мөн төсөл хэрэгжих явцад тусламж үйлчилгээний удирдамж, гарын авлагуудыг бэлдэн гаргаж, шинэ техник технологиудыг практикт нэвтрүүлэн ажилласнаар үр дүнгээ өгч эхэлжээ. Анх 2007 онд төсөл эхэлж байхад эхийн эндэгдэл улсын хэмжээнд 100.0 мянган амьд төрөлтөнд 97 байсан бол 2015 оны байдлаар 22 болж буурсан амжилттай байгаа аж.
НҮБ-ын ХАС-гийн Эх, нярайн зайн оношилгооны төслийн удирдагч Б.Цэдмаа, ”Монгол Улсын хувьд эрүүл мэндтэй холбоотой Мянганы хөгжлийн зорилт тэр дундаа эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрэхэд НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр өндөр байсан гэж үзэж байна. Тиймээс цаашид энэ амжилтаа хадгалах, мөн бататгаж авч үлдэхийн тулд Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн ярилаа.
Энэ удаагийн сургалт нь онол дадлага хослуулан явагдсан бөгөөд мэдлэгт суурилж, чадавхжуулж өгснөөрөө онцлог байлаа. Ер нь эхийн эндэгдлийг бууруулах тухай асуудал нь дан ганц эмчийн шийдэх асуудал биш гэдгийг энэ үеэр мэргэжилтнүүд онцолж байв. Өнөөдөр дэлхий нийтээрээ эхийн эндэгдлийн тухай сэдвээр өргөн ярих болсоныг гадаадын мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь Мянганы хөгжлийн зорилтод эх, хүүхдийн эндэгдлийг гурав дахин бууруулна гэж тусгасан байдаг аж. Гэхдээ ихэнх орнууд энэ зорилтоо хэрэгжүүлж чаддаггүй байна. Харин манай улсын хувьд 2015 оны байдлаар эхийн эндэгдлийг бууруулсан дэлхийн 9 орны нэгт багтаж чадсан ч 2016 онд эхийн эндэгдлийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Иймээс төслийн зүгээс энэ байдалд үнэлгээ дүгнэлт өгч үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд эхийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулан ажиллана гэлээ. Энэ удаагийн бүсийн сургалт ч гэсэн энэ асуудалд чиглэн зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Ч.Отгонцэцэг
相关新闻