Аймгийн Засаг дарга Алтанбулагийнхны тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-11 10:12:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын иргэдийн хүсэлтээр өчигдөр тус суманд ажиллаж, иргэдэд тулгамдаад байсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын төвийн 64 айлын орон сууц олон жил халаалтгүй, иргэд тав тухгүй орчинд бухимдалтай байдаг тухай асуудлыг олонтаа ярьж, иргэдээс удаа дараа гомдол ирж байсан юм. Иймээс аймгийн Засаг дарга бодит байдлыг газар дээр нь үзэж, оршин суугчидтай уулзан, хүйтний ам тулж ирсэн энэ цаг мөчид 64 айлын эрх ашгийг хамгаалах үүднээс халаалтын асуудлыг нь шийдвэрлэн өгөхөөр боллоо. Түүнчлэн аймгийн дарга эл 64 айлыг халаадаг уурын зуухны нөхцөл байдалтай ч танилцлаа. 2018 оны төсөвт тус 64 айлын орон сууцны цэвэр, бохирын хөрөнгийг тусгаж өгнө гэдгээ тэрээр амаллаа. Мөн Алтанбулаг сумын удирдлагуудтай уулзан тулгамдсан асуудлуудыг нь сонсон, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн хамгийн эхэнд эрэмбэлэгдээд байгаа цэнгэлдэх хүрээлэнтэй болох асуудлыг ирэх 2018 оны төсөвт тусган шийдвэрлэж өгнө гэлээ.
Аймгийн Засаг даргыг Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд, ГХБХБГ-ын дарга Б.Саруултгөс, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар нарын албаны хүмүүс дагалдан явлаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻