Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагууд болоод сургуулийн удирдлагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурал, аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хүүхдийн эрх-хамгаалал-хамтын ажиллагаа", "Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье" сургалтыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах үйл ажиллагааг ч давхар явуулжээ. Энэхүү сургалтанд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 31 сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сурагчдын төлөөлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагууд нийт 105 хүн оролцсон байна. Тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгууллагад Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд багтдаг ажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлтээс харахад хүүхэд оролцсон хэрэг өмнөх оныхоос өссөн дүнтэй байна. Тухайлбал 15 хүртэлх насны хүүхэд оролцсон гэмт хэрэг ноднингийн 9 сард 21 байсан бол энэ онд 26 болж 5-аар өссөн. Мөн 17 хүртлэх насны хүүхэд өнгөрсөн оны мөн үед 29 байсан бол энэ онд 33 болж дөрвөөр нэмэгджээ. Түүнчлэн 2017 он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр хүүхэд эрүүлжүүлэгдсэн байна. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж дээрх арга хэмжээг авч явуулж байгаа аж.
Ч.Отгонцэцэг