“Хамтдаа алхацгаая”, “Хоризон” клубын уулчид хамтран Отгонтэнгэрт авиралт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-24 11:07:38
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагааг өнөөдөр 6.00 цагт үргэлжлүүлэн эхлүүлээд байна. Мөн ямар уулчид авиралт хийсэн мэдээллийг газар дээр нь ажиллаж байгаа Цагдаагийн албанаас авлаа.
Тодруулбал “Хамтдаа алхацгаая”, “Хоризон” нэртэй уулчдын клубын хамтарсан, Монгол Улсын уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван машинтайгаар Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр хайрхан”-д авиралт хийхээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос гарчээ. Тэд  10 дугаар сарын 21-ний өдөр Отгонтэнгэр хайрханы бэлд очсон бөгөөд тухайн өдрийн 16.30 цагт оргилд гарч буцаж буух явцдаа цасан нурангид өртсөн байна.
2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагийн орчимд 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн, 17 иргэн сураггүй алга болжээ. Сураггүй болсон иргэдээс өчигдөр 10, өнөөдөр өглөөний байдлаар хоёрынх нь цогцсыг олоод байна. 
Цагдаагийн алба хаагчид хэрэг явдал болсон газрыг хамгаалалтад авч, үзлэг-шалгалт хийж, шаардлагатай хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авах, цогцсыг таниулах ажиллагаа хийж байна. 

Дашрамд эдгээр уулчид нь Богд ууланд идэвхтэй алхдаг уулын спортыг сонирхдог сонирхогч, уулчид юм байна. Өөрөөр хэлбэл нийтийн биеийн тамирын мэргэшсэн сонирхогчид байжээ.
Харин уулын спортын мэргэжлийн хүн л өндөр ууланд авирах ёстой байдаг талаар мэргэжлийн уулчид хэллээ.
Б.Мягмарсүрэн 
相关新闻