Аммиакийн хөргүүртэй зоорь аюул тарьж магадгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд байдаг “Гурил тэжээл Булган” ХК-ийн аммиакийн хөргүүртэй зоорийг иргэдийн мэдээллийн мөрөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг шалгасан байна.
Химийн бодисын хор, аюулын шинж чанар, эрсдлийг судлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, аммиакийн үлдэгдлийг хоргүйжүүлэн устгах асуудлыг судлан мэргэжлийн байгууллагад хандан хөргөлтийн системийн тоног төхөөрөмж, шугам хоолой дахь химийн бодисыг саармагжуулан байгаль, хүрээлэн буй орчин, хүн малд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнэлээ.
Жилд 3000 тонн мах хадгалах хүчин чадалтай уг зоорийг 1974 онд ашиглалтад оруулсан бөгөөд өмч хувьчлалын үеэс эхлэн үйл ажиллагаа нь доголдож, ашиглаагүй удсан учир шалгаж, аюулгүй болгох шаардлагатай гэж иргэд үзэж байгаа ажээ. Мөн одоогоос 15 жилийн өмнө засвар хийсэн гэх боловч энэ тухай баримт материал огт байхгүй гэнэ.
Мэргэжлийн байгууллага болох “Тулга техник” ХХК-иас зөвлөгөө авахад “зоорийн тоног төхөөрөмжийг салган хоргүйжүүлэх боломжтой. Хөдөө орон нутагт ийм төрлийн зоорийн тоног төхөөрөмжийг дур мэдэн салгаж, химийн бодист хордож хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан” гэдгийг сануулсан байна. Тоног төхөөрөмж, эд анги олон жил болж хуучирч муудсан учир химийн хорт бодис алдагдаж аюул учир магадлал өндөр байгаа аж.
М.Батжаргал