“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний үеэр багш нарын мэдлэгийг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-29 13:51:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг сургуулийн насны хүүхдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Ногоон гэрэл-цагаан шугам-2017” тэмцээнийг зохион байгууллаа.
Зургаан багийн 80 гаруй сурагч, багш оролцсон тэмцээнд Булган сумын “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн П.Уртнасан багштай 4а ангийн “Тэргүүлэгч” баг түрүүлж, мөн сургуулийн Д.Чанцалмаа багштай 5б ангийн “Цагаан шонхор”, Булган сумын 1-р бүрэн дунд сургуулийн Н.Баярсайхан багштай 3а ангийн “Гэрлэн дохио” баг гуравдугаар байр эзэллээ. Тэмцээнд оролцсон сурагчдаас гадна багш нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сорьсон юм.
- Багш нараас замын хөдөлгөөний дүрмээр шалгалт авлаа. Энэ нь багш нар замын хөдөлгөөний дүрмийг хэр зэрэг мэддэг, хүүхдүүддээ ямар мэдлэг олгож байгааг үнэлэх зорилготой юм. Энэ шалгалтаар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш н.Сандагсүрэн алдалгүй түрүүллээ. Ер нь багш нар өөрсдөө замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг сайн байгаа нь энэ шалгалтаар харагдлаа гэж аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Батхуяг ярилаа.
Булган аймагт “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг өмнө жилүүдэд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд явуулдаг байсан бол энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
М.Батжаргал
相关新闻