“Хуулиа дээдэлье-2017” тэмцээнд Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-03 19:13:20
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье-2017” тэмцээний хоёрдугаар шат “Монгол туургатан” театрт болов.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүүхэд залуучуудад сурталчилсан юм. Мөн хүүхдүүд дээрх хуулиудын талаар олж авсан мэдлэгээ үе тэнгийн найз нөхдөдөө түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийнхээ эрх нь зөрчигдсөн хүүхдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох идэвх, санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлье-2017” тэмцээнийг зохион байгуулж байна гэж зохион байгуулагчид онцолсон юм.

Тэмцээний эхний шат 27 сумын дөрвөн бүсэд бүсчлэн хувааж зохион байгуулагдсан бөгөөд хоёрдугаар шатанд эхний дөрвөн бүсийн тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн багууд болох Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц”, Эрдэнэ сумын “Эрхзүйн этгээд”, Бүрэн сумын “Арга билэг”, Эрдэнэсант сумын “Инээмсэглэл”, Жаргалант сумын “Гэрэлт ертөнц”, Батсүмбэр сумын “Зогсолтгүй эргэлт”, Лүн сумын “Хатуу самар”, Аргалант сумын “Хатуу самар” багууд хоорондоо өрсөлдөв.

Тэмцээний тэргүүн байрт Баяндэлгэр сумын “Хаалттай ертөнц” баг, удаах байрт Эрдэнэ сумын “Эрхзүйн этгээд” баг шалгарав. Харин тэмцээний гуравдугаар байрт Лүн сумын “Хатуу самар” баг шалгарсан байна.
Т.Төмөр
相关新闻