Аймгаас сумдад өгдөг санхүүгийн дэмжлэгт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж зургана асуудал хэлэлцлээ.
Тус аймгийн 2015 оны төсвийн тодотголын тухай, аймгийн нийгэм, эдийн засгийг 2008-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай, аймгийн нийгэм, эдийн засгийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн төслийн тухай, Овоот-Эрдэнэтийн төмөр замын тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2015 оны үйл ажиллагааны тайлан, ээлжит хуралдаан товлон зарлах тухай зэрэг 6 асуудал хэлэлцжээ.
Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аймгуудын төсөв хүндэрч байгаа билээ. Иймд Хөвсгөл аймгийн төсөвт тодотгол хийж аймгаас сумдад өгдөг санхүүгийн дэмжлэгт өөрчлөлт оруулах саналыг Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд танилцууллаа. Тухайлбал Галт, Жаргалант сумдад байгалийн дагалдах нөөц ашигласны төлбөрт 100 гаруй сая төгрөг төлөвлөж байснаас илүү төвлөрсөн тул тус сумдад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээс тодорхой хэмжээгээр бууруулах саналыг гаргасан юм. Мөн Ханх сумын орлого бас тодорхой хэмжээгээр давсан тул мөн адил арга хэмжээг авахаар боллоо. Харин аймгийн төв Мөрөн сумын татварын орлого дөнгөж 46 хувьтай байгаа гэнэ. Татварын албаны холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллээр эдийн засгийн хямрал үүнд нөлөөлснөөс гадна татварын байцаагч нарын тоо цөөн зэрэг нь үүнд нөлөөлж байна гэж тайлбарлаж байлаа.
Б.Гантуяа