Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгай боловсрол эзэмшүүлэх ангийг сургууль, цэцэрлэгт байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-13 11:24:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллага үүсч хөгжсөний ойн баяр боллоо. 
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэн үр дүнг сайжруулах байгууллага байгуулаад 20 жил болжээ. Тэд аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж, удаа дараа олон асуудлыг хамтран шийдэж ирсэн байна. 
2017 онд аймаг орон нутгаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж, тусгай боловсрол эзэмшүүлэх ангиудыг сургууль, цэцэрлэгт байгуулж бүрэн тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Мөн хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлж, гурван хүнийг мэргэшүүлэх сургалтад хамруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг сайжруулах налуу зам, босгогүй хаалга, явган хүний зам, тэмдэглэгээ авто зогсоол, ариун цэврийн өрөөг тохижууллаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссын танхимын тохижилтод 7,6 сая төгрөгийг зарцуулж тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэхэд анхаарах зэрэг олон талт ажлуудыг хийж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж үйл ажиллагааг нь идэвхжүүлэн дэмжих байгууллага түүхт 20 жилийн ойгоо тэмдэглэн шилдгүүдээ шагнаж урамшууллаа.

Энэхүү ойн арга хэмжээнд Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны хамт олон ирж баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Д.Мишигсүрэн


相关新闻