Завханы малчдаас 1,5 сая толгой мал зах зээлд борлуулах хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-11-19 20:01:23

Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил явцын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тус аймагт энэ өвөл, хавар  24 сумын 115 багийн 8,8 мянган малчин өрхийн мал өвөлжинө. Завхан аймаг 2016 оны жилийн эцсийн тооллогоор 3,4 сая мал тоолуулжээ. Үүнээс тэмээ 9,9 мян, үхэр 172,1 мян, адуу 186,2 мян, хонь 1,3сая, ямаа 1,0 саяыг тус тус тоолуулжээ. Харин  2017 онд 1,2 сая  төл хүлээн авсанаар нийт малын тоо 4,4 сая-д хүрчээ.
           

Цас ороогүйгээс зарим малчид намаржаан дээрээ байна гэв

Энэ жил нийт нутаг дэвсгэрийн зураглалаар есдүгээр сарын нэгний байдлаар нийт нутгийн 15 хувь гантай, 45 хувь нь гандуу, 40 хувь нь хэвийн зуншлагатай байжээ.
Энэ оны 4-9 дүгээр саруудад агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1,1-4,0 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй их утга долдугаар сард говь талын нутгаар 33-36 градус, хөрсний гадаргын үнэмлэхүй их утга нийт нутгаар 56-65 градус хүрч халсан. Агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо/хоногоор, дөрвөөс наймдугаар сард говь талын нутгаар 32-40, хангайн уулархаг нутгаар 9-14, бусад нутгаар 15-19, 40 градусаас дээш халсан өдрийн тоо говь талын нутгаар 110-130,  бусад нутгаар 30-31 хоног үргэлжилсэн нь бэлчээрийн ургацанд сөргөөр нөлөөлсөн байна. Харин дөрвөөс есдүгээр саруудад их бага хэмжээний нийт 23-63 удаагийн хур тунадас оржээ. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас тавдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 19-ний хооронд их, бага  хэмжээний процесс дээр 31 удаагийн үйл ажиллагаа явуулж хур тунадас нэмэгдүүлжээ. Тусгай экспедиц говийн чиглэлд зургаа, өмнөд чиглэлд дөрөв, төвийн раойнд тав, генератороор 16 удаагийн үйл ажиллагаа явуулж хур тунадас оруулжээ. Өнөөдрийн байдлаар говийн бүсийн зургаан сумын малчид цасгүйн улмаас өвөлжөөн дээрээ буугаагүй, усан хангамжаа бараадаад намаржаан дээрээ отрын байдалтай байгаа талаар мэдээлэл өглөө.

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байна


Завхан аймгийн хэмжээнд  24 сум 115 багийн 8,8 малчин өрхийн хувийн бэлтгэл хангалт дундажаар 87,0 хувь , малчдын өвс, тэжээлийн татан авалт 60,6 хувь, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 74,6 хувьтай байна.
Харин 24 сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 30,1 хувь,  малын усан хангамж 87,4 хувь, худгийн ашиглалт 70,3 хувь, хашааны хангамж 91,1 хувьтай гарч мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 70,8 хувийн биелэлтэй байна. Энэ жил Завхан аймаг 21,1 мянган тн байгалийн хадлан, 283,5 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ба  өнөөдрийн байдлаар 12,5 мянган  тн байгалийн хадлан, 178,8 тн гар тэжээл, 203 тн сүрэл, 40,4 тн үйлдвэрийн тэжээл, 3,0 тн дарш, 6,6 мянган тн давс, хужир шүү бэлтгэж малчдын түвшинд тэжээл  бэлтгэлийн хувь 61,4 хувьтай байна. Харин аймгийн Улсын нөөцийн таван цэг салбарт нэмж 700 тн өвс,700тн тэжээл, Тосонцэнгэл сум дахь нөөцийн цэгт 200 тн, Улиастайд 200 тн, бусад гурван цэгт тус бүр 100 тн тэжээлийг нэмж нөөцөлжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоол бусад шийдвэрээр Завханы 24 сум 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх үүрэгтэйгээс одоогийн байдлаар сумдын өвс тэжээлийн нөөцөд 1076,1 тн өвс бэлтгэж 44,8 хувьтай, 110,5 тн тэжээл бэлтгэж 15,3 хувьтай нөөц бүрдүүлсэн байна.

Дөрвөн аймгийн нутагт 82.6 мянган малыг отроор өвөлжүүлнэ

Энэ өвөл Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгуудын нутагт Завханы 104 өрхийн 82,6 мянган мал отроор өвөлжих хүсэлт ирүүлжээ.
Завхан аймгийн бусад сумдад 135 өрхийн 97,5 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт хоёр сумын 113 өрхийн 58,8 мянган мал, Улсын тусгай  хамгаалалттай бүс нутагт 62 өрхийн 82,3 мянган мал отроор өвөлжиж байна. Харин тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын 286 өрхийн 258,4 мянган малыг өвөлжүүлэхээр төлөвлөгөөтэй байна. Мөн Багахайрханы отрын бүсэд таван сумын 50,0 мянган малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар Их уул, Тосонцэнгэл сумдын долоон суурийн 2,9 мянган мал Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймаг отроор өвөлжиж байна. Хөвсгөлийн Түнэлд дөрвөн суурийн 1,7 мянган мал, Баянхонгоын Жаргалан сумд хоёр суурийн 1,1 мянган мал, Архангай аймгийн Хотонт сумд нэг суурийн 100 мал тус тус отроор өвөлжиж байна.                                                                                                         

 Мал аж ахуйн усан хангамжийн 60 гаруй хувь нь л хэвийн ажиллаж байна

Завхан аймгийн хэмжээнд нийт 762 уст цэгтэй байгаа ба  үүнээс инженерийн хийцтэй худаг 393, энгийн уурхайн худаг 354 байна. Харин  усан сан 15 байна.
Одоогийн байдлаар ашиглахад бэлэн худаг, уст цэгийн тоо 594 буюу 64,3 хувь нь хэвийн ажиллагаатай байгаа талаар аймгийн Онцгой комисс мэдээллээ. 2017 онд  Завхан аймагт шинээр зургаан худаг гаргаж, 17 худгийг засч, хийж ашиглалтад өгчээ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр Ургамал, Цагаанхайрхан сумдад, аймгийн үндсэн чиглэлд тусгагдсан хөрөнгөөр Шилүүстэй сумд нэг, Мерси Кор ОУБ-ын дэмжлэгээр гурван худгийг тус тус гаргажээ. Харин өнгөрсөн жилийн санхүүжилт дутуу хийгдсэн таван худгийг бүрэн ашиглалтанд нэмж оруулаад байна гэлээ.          
           

Малын өргөн хэрэглээний эм бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэлээ

Завхан аймгийн мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 1252.8 мянган мал хамрагдахаас 1245.1 мянган мал хамрагдаж 99.3 хувийн биелэлтэй байна.
Мал сүргийг паразиттах өвчнөөс  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1.8 сая толгой мал хамрагдахаас, угаалгад 712.0 мянган мал, туулгалтад 795.5 мянган мал оржээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд 850.0 мянган м2 талбай хамрагдаж 98.2 хувийн биелэлттэй байна. Малын бруцеллёз өвчний түүвэр тандан шинжилгээг 15,8 мянган малд хийхээс  Эрдэнэхайрхан, Нөмрөг, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын 10,7 мянган малд бруцеллёзын шинжилгээ хийжээ. Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд 1040,9 мянган төлийг хамруулж 99,9 хувьтай байна. Бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд цаг үеийн шаардлагар Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй сумдын 750, урьдчилан төлөвлөгдсөний дагуу Сантмаргац, Ургамал, Завханмандал сумдын 600 нийт 1350 малыг хамруулсан байна. Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, туулга хангалттай сайн хийгдсэн байна хэмээв. Өнөөдрийн байдлаар бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 55,0 мянган тун, сахуу 1000, цусан халдварт 2000 малд тарих вакцины нөөц байна. Цаашид аймгийн хэмжээнд Мал эмнэлэг үржлийн үйлчилгээний 57 нэгжид 37,2 сая төрөгийн эмийн нөөц байгааг өргөн хэрэглээний 9 нэр төрлийн 45 сая төгрөгийн эмээр нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн цас ороогүй болон хэтэрхий их цас орсон өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа сумдын малчдаас 1,5 сая толгой мал зах зээлд худалдан борлуулах хүсэлт ирүүлээд байгаа тул Улсын нөөцөд бэлтгэх махны тодорхой хувь /квот/ хэмжээг Завхан аймагт хуваарилуулах. Инженерийн хийцтэй таван худаг шинээр гаргахад 100 сая төгрөг, 30 худаг засварлахад 86 сая төгрөгийг шийдвэрлүүлэх. Малын өргөн хэрэглээний эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэхэд 45  сая төгрөгийг тус тус хуваарилуулах зайлшгүй шаардлага байна хэмээн аймгийн Онцгой комиссоос тус тус мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

相关新闻