Архангайд 213 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-24 16:45:26
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 11 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1453 ажилгүй хүн байна. Үүнээс 715 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10,0 мянган хүн тутамд 260 ажилгүйчүүд ноогдож байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 31,0 хувиар буурсан байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна. 10 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 995 хүн шинээр бүртгүүлсэн бол 213 хүн ажилд зуучлуулан оржээ.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 97,9 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 265 нь дээд, 86 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 989 нь бүрэн болон бүрэн бус дунд, 83 нь бага боловсролтой хүмүүс байна.

Он гарсаар эхний 10 сард аймгийн хэмжээнд 732 ажлын байр шинээр бий болсон байна. Хамгийн их буюу 255 шинэ ажлын байр Эрдэнэбулган суманд бий болжээ. Харин Ихтамир, Төвшрүүлэх, Эрдэнэмандал сумд 41-86, Цахир, Хангай, Хотонт, Өгийнуур, Хашаат, Булган, Жаргалант сумд 20-28, Батцэнгэл, Цэнхэр, Өндөрулаан, Хайрхан сумд 15-18, Тариат, Өлзийт, Цэцэрлэг сумд 7-12 ажлын байр тус тус бий болгожээ.   

Б.Гэрэлт-Од
相关新闻