Мал тооллогын ажлын хэсэг байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-05 17:55:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого хуулийн хугацааны дагуу 12-р сарын 7-ноос 17-ны өдрүүдэд явагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гарч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог ахлагчтай найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилдаа ороод байна.
Улсын хэмжээнд явагдах энэхүү 2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллоготой холбоотойгоор өчигдөр буюу 4-ний өдөр аймгийн Статистикийн хэлтсээс сумдын ажлын хэсгийнхэнд зориулсан сургалтыг зохион явуулсан байна. Эл сургалтыг аймгийн ХХААГ, ЭМНДГ, Онцгой байдлын газрууд хамтран явуулжээ.
Энэ жилийн мал тооллогын онцлог нь 2018 оноос малчдын тэтгэвэрийн насыг таван жилээр багасгахтай холбоотойгоор анхан шатны хөдөө аж ахуйн статистик мэдээний нарийвчилсан судалгааг давхар гаргаж байгаа явдал аж. Өөрөөр хэлбэл малын “а” дансанд малчдын тоон мэдээллийг дэлгэрэнгүй оруулах, мөн эрчимжсэн мал аж ахуйд тулгарах мэдээллүүдийг оруулж өгч буйгаараа онцлогтой юм байна. Мөн  сургалтын үеэр зарим аймгийн хувьд цас их орж өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл бүрдэж байгаа учраас сумдын ажлын хэсгийнхэнд мал тооллогын зохион байгуулалтын ажилд зарим зүйл дээр анхааруулга, ажиллах чиглэл өгчээ. Сэлэнгэ аймгийн хувьд 2016 оны жилийн эцсээр нэг сая 600 мянган толгой мал тоологджээ. Энэ жил тус аймгийн 10 суманд аймгийн хяналтын тооллогыг гаргахаар аймгийн Засаг дарга захирамж гаргасан байна. 2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого хуулийн хугацааны дагуу 12-р сарын 7-нд эхэлж 17-ны өдөр дуусах бөгөөд мал тооллогын урьдчилсан дүн энэ сарын 27-нд гарах ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻