Сэлэнгэ, ОХУ-ын Буриад улсын хурлын байгууллагууд хамтын ажиллагааны гэрээгээ шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-05 18:07:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сэлэнгэ аймгийн ИТХ, ОХУ-ын Буриадын БНУ-ын Ардын хурал хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. 
Уг ёслолд Сэлэнгэ аймгийн талаас аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг дарганы орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн НЭ-ийн дарга Ж.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхбат, Г.Тунгалаг, Б.Ганболд, С.Раднаабазар нарын төлөөлөгчид, Буриадын талаас Буриад улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич, ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Александр Цыденешиевич Доржиев, Буриад улсын Ардын хурлын даргын зөвлөх Абидуев Александр Цыдыпович, Буриад улсын Ардын хурлын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Халбашкеев Андрей Валентинович нарын бусад төлөөлөгчид байлцлаа.
Хөрш хоёр аймгийн хурлын байгууллагуудын төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт нь Сэлэнгэ аймаг, Буриад улсын олон жилийн найрамдалт найрсаг, дотно харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг тодотгон батжуулахад чухал ач холбогдолтой юм. Ялангуяа нутаг орондоо шийдвэр гаргах дээд түвшний байгууллага болох Хурлын байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж буй явдал нь энэхүү найрамдалт харилцааг урам бэхжүүлж байгаагийн нэг чухал алхам юм хэмээн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа хэллээ. Тэрээр “Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган километр квадрат газар нутагтай, 106 мянган хүн амтай, засаг захиргааны 17 нэгж сумд хуваагддаг . 56 багтай. Нэг сая 600 орчим мянган толгой малтай аймаг юм. Мөн газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмсний 28 хувь, цементийн 60 хувь, алтны 40 хувийг тус аймаг дангаараа үйлдвэрлэж, нутаг дэвсгэр дээгүүр нь олон улсын авто болон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц сайн хөгжсөн Монгол Улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн стратегийн гол тулгуур аймаг” хэмээн зочдод орон нутгаа танилцууллаа. Энэхүү уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил зочдыг хүлээн авч уулзан хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймаг гадаад харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Ялангуа найрамдалт хөршийн харилцаатай Буриад улстай номер нэг харилцан хамтран ажиллах болно. Бид гадаад харилцаагаа эдийн засагжуулах чиглэлд маш хурдтай, бодитой, үр дүнтэй ажлуудыг хийхээр зорьж байгаа. Буриад улстай ч бас гадаад харилцаагаа өргөжүүлэхийн тулд эдийн засагт, иргэдэд өгөөжтэй үр дүнгээ өгсөн алхмууд дээр хамтарч ажиллахад бэлэн байна” гэлээ.
Буриад улсын Ардын хурлын төлөөлөгчид өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллахаар хөлгийн жолоо заллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻